“Чингис хаан” одонт, Морин хуурын чуулга Шанхай хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав

Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг болох морин хуурын эгшгээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлж буйг онцлон тэмдэглээд, энэ удаагийн тоглолтыг хамтран зохион байгуулсан Шанхай Шанти соёлын групп болон Ти Би Эф Интернэшнл групп компанид гүн талархал илэрхийлэв.

Тоглолтыг Шанхай хотын төр, засгийн удирдлага, гадаад улсаас тус хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар зэрэг нийт 1100 гаруй гадаадын үзэгчид үзэж сонирхов. Морин хуурын чуулгын уран бүтээлчид Монгол аялгуу, Мандухай сэцэн хатан, Уужмын зүүд, Их хааны аравт болон Хятадын алдарт Хос эрвээхэй, Үүрдийн нөхөрлөл зэрэг бүтээлийг үзэгч олонд толилуулав.

Түүнчлэн Шанхай хотын симфони оркестрын үзэсгэлэнгийн танхимд “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнг зохион байгуулав.

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …