“Хархорум” олон улсын кино наадамд 9 орны 14 кино өрсөлдөж байна

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг 12 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой зохион байгуулж байна.

“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх ба өрсөлдсөн бусад кино Наадмын “Official selection”-ийн тэмдэг авна. Мөн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээх ба наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Тус наадам нь жил бүр Монголын болон олон улсын шилдэг кино мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, кино урлагийн дээд амжилтыг хамтдаа тэмдэглэх эхлэлийг тавих юм. “ХАРХОРУМ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ-2023 сэдэв нь “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”) бөгөөд хүний ​​эрх, үндсэн эрх чөлөөг сурталчлах, нийтлэг ойлголт, сэдэвчилсэн мэдлэгийг таниулах, кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой.

2023 оноос эхлэн зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын захирал нь Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга байх ба энэ жилийн хувьд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал ажиллаж байна.

Тус кино наадмын уран бүтээлийн бодлого эрхэлсэн захиралаар Н.Цогтбаяр болон Хөтөлбөр боловсруулагч нараар Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву, Н.Цогтбаяр нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч МалколмКларк (Оскарын шагналт найруулагч), жүжигчин КимХеНа, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, хуульч Ч.Алтангэрэл нар ажиллана.

“Хархорум” олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг толилуулахаар төлөвлөж байна. Тэдгээр нь Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтаж буй юм. Наадмын уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж байна.

Мөн “Хархорум” олон улсын кино наадмын үеэр кино урлагийн салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах мастер класс, сургалтыг зохион байгуулна. Кино наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …