Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “2000 оны 12-р сарын 06-ний өдөр улс төрийн 6 хүчин эвлэлдэн нэгдэж Ардчилсан намыг байгуулсан түүхтэй. 12-р сарын 10-ний өдөр Олон Улсын хүний эрхийн өдөр тохиож байна.
Баруун төвийн үзэл гэж юу юм бэ, хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гээд маш олон эрх чөлөөний үзэл санааг олон нийтээр хэлэлцүүлсэн 7 хоног өнгөрлөө” гэв.
АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа: Ардчилсан нам өнөөдрийн нийгэм, эдийн засаг, улс төрд дүгнэлт хийж байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувиар өснө гэж байна. Бодит байдал дээр манай өсөлт маш хэврэг байна.
Өсөлтийн 30 гаруй хувийг уул уурхай дангаараа бүрдүүлж байна. Энэ түүхийн эдийн савлагаанаас манай эдийн засаг бүхэлдээ хамааралтай байна гэдгийг олон улсын байгууллагууд онцолж байна. Энэ эмзэг байдлыг арилгах, түүнд бэлэн байх ёстой менежментийг хийх ёстой.
Орлогын их хөөсрөлт нь татварыг нэмэгдүүлж байна. Улсын төсвийн 90 гаруй хувийг зөвхөн татвараар бүрдүүлж байна. Татварын хамгийн зохистой бодлогоор дундаж давхаргаа босгож ирэх шаардлагатай байна.
Манай улсад дундаж давхарга гэж байхгүй, төрийн албаны данхар бүтэц түүний зардал 2 дахин өссөн байна. Энэ талаар тууштай бодлогыг явуулах болно. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ард иргэд нь хувьцаа эзэмшдэг нээлттэй болгох бодлого барина.Төрийн оролцоотой эдийн засаг бус аж ахуй нэгжүүдээ дэмжих чөлөөт зарчмаар ажиллана. Эдийн засгийг тууштай, тогтвортой хийх, мөнгө санхүү, төсөв, гаалийн бодлогыг Ардчилсан нам хийж байна.
Ж. Батсуурь: Өвөлжилтийн хүнд нөхцөл байдалд ард иргэдээ дэмжиж махны бодлогоор дэмжих шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Ж. Батсуурь: Ойрын өдрүүдэд 1989 онд ардчилал шинэчлэл, хүний эрхийг дээдэлсэн шинэ үндсэн хуулиар явж ирсэн. 23 жилийн өмнө буюу 2000 онд эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо илэрхийлж байсан намууд нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан түүхтэй. Энэ жилийн Ардчилсан намын баярын өдрүүдэд бид бүхэн баяр талархал, концерт, арга хэмжээ гэхээсээ илүүтэй улс оронд үүсээд байгаа асуудлуудад гарц гаргалгаа хийх, энэ талаар эрдэмтэн залуучуудаа сонсох хэлэлцүүлгийг хийснээр мөрийн хөтөлбөрийн сууриа тавьж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ, ЗГ-т хэд хэдэн шаардлагыг хүргүүлж байна. Энэ жил цас их эрт орсон. Өнөөдрийг хүртэл шатахууны хэрэглээгээ нэмж чадахгүй олон тайлбаруудыг хийсээр байна. Хөдөөд ихэнх нутгаар 3 удаагийн цас оролтоор зудын байдалтай байна.
Малын махыг хэрэглээнд оруулах, малчдыг малын махаа нөөцлөх, малын махны үнийг унагахгүйгээр бүтээгдэхүүн хийж экспортлох чиглэлээр ажиллахыг шаардаж байна. Өнөөдрийн өвөлжилтийн хүнд байдлыг даван туулахад боломж байгааг бид хэлсээр байна. Өвөлжилтийн хүнд нөхцөл байдалд ард иргэдээ дэмжиж махны бодлогоор дэмжих шаардлагатай байна.