“Хархорум” олон улсын кино наадмын “Шилдэг уран сайхны кино”-гоор “Эргэж ирэхгүй намар” кино тодорлоо

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Хархорум” Олон улсын кино наадам Улаанбаатар хотноо энэ сарын 7-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн кино наадмыг Соёлын яам болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ, ЗГХЭГ-ын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний комисс болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Наадмын хүрээнд олон улсын кино наадмууд болон Оскарын шагналт найруулагчдын бүтээлүүд багтсан бөгөөд 15 улсын 22 уран сайхны кино болон баримтат киног үзэгч олондоо толилуулсан бол уралдаанд нийт есөн орны 14 кино нэр дэвшсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.


Кино наадмын “Шилдэг уран сайхны кино” төрөлд нийт 10 кино нэр дэвшсэнээс найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино шалгарав.
Мөн кино наадмын “Шилдэг баримтат кино” төрөлд нийт 4 кино нэр дэвшсэнээс найруулагч Жордан Брайон, Моника Вилламизар нарын уран бүтээл болох “Transition” баримтат кино, “Шилдэг хүний эрхийн кино” төрөлд “The Animal Kingdom” кино тус тус хүртлээ.

Түүнчлэн “Хархорум” олон улсын кино наадмын зүгээс олон улсын кино наадмуудын жишгээр уран бүтээлчдийг алдаршуулах зорилгоор “FILM ICON AWARD” номинацийг “Гүрү медиа” компанийн продюсер Цэрэнпилийн Ариунаад  гардуулсан юм.

Энэ нь түүний монголын кино урлагийн салбарт 30-аад жил ажиллахдаа гадаадын уран бүтээлчидтэй хамтран олон кино бүтээлийг продюсерлэн бүтээж, залуу уран бүтээлчдийн авьяас, билгийг нээн илрүүлсэн хувь нэмрийг ийнхүү үнэлсэн явдал юм.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …