Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонсголын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна гэж дүгнэж байна.
Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй, ийм хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна.
Монголын ард түмэн ямар их баялагтай юм. Энэ баялаг нь гарын салаагаар яаж урсдаг юм. Ямар схемээр эх орны, ард түмний баялгийг тонон дээрэмддэг юм гэдэг үйл ажиллагаа энэ хэдэн хоногт харагдлаа. Таван шударга хүн жагсаад, болохгүй бүтэхгүй асуудлын эсрэг тэмцье гээд явсан. Үүний дараа 5,000 шударга иргэд гарч ирсэн. Нүүрсний ашиг орлого хаачив гэдэг зүй ёсны шаардлагыг баялгийн эзэд тавьсан. УИХ бол нотлох баримтыг илчлэх энэ сонсголыг зохион байгуулж байна.
Энэ сонсголоос ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна. Энэ зүйлс яаж явсныг гаргаж ирнэ гэдэг бол амар зүйл биш. Улс төрийн эр зориг гаргаад эрх барьж байгаа нөхөд дотроос хэн ингэж ярьж чадах вэ? Нэр цэвэр хүн чадна.
Нүүрсний сонсгол дээр гэрчүүдийн асуулт хариултаас хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа. Эндээс хэн нэг хүнийг хэрэгтэн болгоод байгаа юм байхгүй. Энэ их баялаг хаашаа урсаж байсан юм бэ, хариуцсан нөхөд нь ямар сэтгэл гаргаж ажиллаж байсан юм гэдгийг нотлох баримтын хүрээнд шинжээчдийн ачаар, бидний асуулт, та бүхний хариултаар ил тод болж байгаа юм.
Энэ схемүүд бүгд илэрч байна. Маш их мөнгөтэй нөхөд цаана нь байна. Зарим ажлыг тендер ч зарлаагүй шууд гэрээ хийж байсан байна. Маш их хэмжээний мөнгө, их хэмжээний нүүрсийг зах зээлийн үнэ ханшнаас хямдаар өгч байсан байна.
Өнөөдөр сонсголын сүүлийн өдөр. Түр хороо амжилттай хийж байна. Асуулт хариулт өгч байгаа хүмүүсийн 80, 90 хувь нэрсийг гаргаж ирж чадаж байна. Ард түмэн дүгнэлтээ хийж байгаа гэдэгт найдаж байна. Энэ сонсголыг хариуцаад хийж чадах цөөн хүмүүсийн нэг бол Б.Энхбаяр гишүүн юм” гэлээ.