Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 8 хүн амиа алджээ

2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Япон Улсын  Ишикава мужийн Ното бүс нутагт  хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн төвд ойрхон орших Ишикава мужийн Шика хотод магнитудын 7.0 баллд хүрчээ.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна.

 Цаашид уг газар хөдлөлтийг дагасан газар хөдлөлт, цунами үргэлжлэх төлөвтэй байгаа тул Япон Улсын Цаг уурын агентлагаас цунами үүсэхээс сэрэмжлэх сэрэмжлүүлэг, анхааруулгыг цаг тухай бүрт нь муж, орон нутаг тус бүрээр шинэчлэн гаргаж байна.

Цунами үүсэхтэй холбоотой 3 м давсан цунами үүсэх магадлал өндөр байгаа бол “Том хэмжээний цунамигийн сэрэмжлүүлэг”,  1м-3 м хүртэлх цунами үүсэх магадлалтай үед “Цунамгийн сэрэмжлүүлэг”,  1 м хүртэлх цунами үүсч болзошгүй бол “Цунамигийн анхааруулга“ гэсэн 3 шаталбартай сэрэмжлүүлэг гаргадаг. Эхний үед хамгийн хүчтэй “Том хэмжээний цунамигийн сэрэмжлүүлэг” хэсэгчлэн гарсан бол 1 дүгээр сарын 2-ны өглөөнөөс “япон тэнгис”-тэй хиллэх далайн эрэг дагуу “Цунамигийн анхааруулга“ гэсэн 3 дугаар шатны сэрэмжлүүлэг гарсан байсан нь 1 дүгээр сарын өглөөний 10:00 орчимд цуцлагдав.

Газар хөдлөлтийн хохирлын тойм:

Газар хөдлөлтийн хохирлын хэмжээ эхнээсээ тодорхой болж байгааг 1 дүгээр сарын 2-ны өглөөний 5:00 цагийн байдлаар тоймлобол:

  • Нас барсан хүний тоо: 8 хүн

Энэ газар хөдлөлтийн улмаас Ишикава мужид одоогоор найман хүн нас барсан нь батлагдсан байна. Важима хотод 20 орчим насны нэг залуу,  Хакуй хотод 70 гаруй насны нэг эрэгтэй нурсан байшинд дарагдан нас барсан бол Нанао хотод 50 гаруй насны эрэгтэй гудамжны дэнлүүнд цохиулж, 50 гаруй насны нэг эмэгтэй гэр нь нурж тус тус нас баржээ. Цагдаагийн газрын мэдээлснээр, Шига хотын Токута хотод 90 гаруй настай нэг эрэгтэй нас барж, Анамизү хотод нэг хүний зүрх нь зогссон байна.

  • Гал түймэр гарав.

Важима хотод гарсан гал түймрээс болж  50 барилга шатжээ. Орон нутгийн гал түймрийн албаны мэдээлснээр, Ишикава мужийн Кавай хотын Важима дүүргийн “Важима өглөөний зах” хэмээх 1000 жилийн түүхтэй жуулчдын гудамж орчимд хүчтэй гал түймэр гарч, 50 гаруй барилга шатсан байна.

  • Байшин барилга нурав.

Түүнээс гадна Ното бүс нутагт олон тооны байшин нурсан бөгөөд хохирлын бүрэн хэмжээ гараагүй байна.

  • Цахилгаан тасрав.

Хокурику бүсийн Цахилгаан эрчим хүчний дамжуулах, түгээх шугам тасарснаас болж Ното бүс нутагт 33,000 өрхийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Түүнээс гадна Нанао хотын Нанао Дайдэн дулааны цахилгаан станцын 1 ба 2 дугаар зуух зогсчээ.  Шига хотын “Шига цөмийн цахилгаан станц”-ын 1 ба 2 дугаар станцыг газар хөдлөлт болохоос өмнө зогсоосон байна. Хяналтын явцад хэвийн бус зүйл ажиглагдаагүй бөгөөд цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна.

  • Шинкансэн хурдан галт тэрэг болон галт тэрэгний шугам зогсов.

“Хокүрикү Шинкансен”-ыг 1 дүгээр сарын 1-ний газар хөдлөлтөөс хойш Нагано- Каназава галт тэрэгний буудлын хооронд үйл ажиллагааг нь түр зогсоосон бөгөөд 2-ны өдрийн өглөө гэхэд ажилд оруулаагүй хэвээр байна. Түүнээс гадна Хокүрикү шугам, Нанао шугам зэрэг Хокүрику бүс нутгийн галт тэрэгний шугамыг түр зогсоосон хэвээр байна. Хокүрикү төмөр замын Ишикава шугам, Асаногава шугам, мөн тус мужийн бүх автобусны үйлчилгээг мөн түр зогсоогоод байна.

  • Ното нисэх онгоцны буудлын гүйлтийн зам гэмтжээ.

Нотогийн нисэх онгоцны буудалд нислэгийн гүйлтийн замд хагарал үүсэж, Ханеда руу нисэх бүх нислэг цуцлагдсан байна. Комацу нисэх онгоцны буудал Ханеда руу хийх хоёр нислэг, Фукуока руу нисэх хоёр нислэгээ цуцлаад байна.

Газар хөдлөлтийн бүс нутагт оршин суугаа монгол иргэдийн тоо:

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна.

 Одоогийн байдлаар иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байна.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …