Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна.
Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг таван хотод бүртгэгджээ.Үүний зэрэгцээ 300 гаруй хүн гэмтэж бэртсэний 25 нь маш хүнд байгаа аж. Тус мужийн Важима хот, Сузу болон Ното хотод олон байшин нурсан бөгөөд хохирлын нөхцөл байдлыг үнэлэхээр ажиллаж байна.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Гамшгаас хойш 40 гаруй цаг өнгөрлөө. Энэ бол цаг хугацаатай уралдах явдал бөгөөд эгзэгтэй мөчид байгааг би мэдэрч байна. Учир нь 72 цаг бол амьд үлдэх алтан хугацаа. Олон хүн нурсан барилгуудын дор аврах ажиллагааг хүлээж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Тиймээс газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, аврах ажиллагааг үргэлжлүүлж, цаашид дэмжлэг үзүүлнэ гэдгээ” мэдэгдлээ.
Японы Өөрийгөө хамгаалах хүчин (SDF) гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагаанд 1000-2000 Зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчилж, мөн эрэлч ноходыг гамшгийн бүсэд ажиллуулж байгаа аж.
Эрэн хайх, аврах ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр 2000 гал сөнөөгч, 740 цагдаа дайчлагдаж байгаа талаар мэдэгдлээ.
Гамшигт нэрвэгдсэн иргэд түр хоргодох байранд удаан хугацаагаар амьдрах шаардлагатай байж болзошгүй тул тусламжийн хэрэгслийг тээвэрлэх нь нэн чухал болохыг онцолжээ.
Зөвхөн Ишикава хотод 33.000 орчим хүн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж, 30.000 гаруй байшин цахилгаангүй байгаа бол Ишикава болон хөрш зэргэлдээх Тояма, Ниигата мужуудад 110 мянган айл усгүй болсон байна.
Эх сурвалж: www.xinhuanet.com