Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Төрийн албаны зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас Лхагвын Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн томилуулах санал ирүүлснийг Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан. Нийт есөн нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татан авсан.
ЗГХЭГ-ын даргын 2022 оны 02 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох хуулийн хүрээнд найман нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд, бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчийн ажлын туршлагад үндэслэн Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн гэж байлаа.
Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай. 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчийн талаар санал ирүүлснийг Байнгын хорооны дарга Н.Энхболд дурдаад Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2. дахь хэсэгт “Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярын Пүрэвдагвыг нэрийг дэвшүүлж байна гэв.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан.1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн, 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан.
2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хуулийн зөвлөх, 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2017-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт, 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газарт Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Байнгын хорооны тогтоолын төсөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилох, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгасан байв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон 10 гишүүний долоо нь дэмжлээ.