Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.
УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан гадаад хөрөнгө оруулагчдад тавих 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож байгаа нь хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн Монголд орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшээд, мөн гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь.
Энэ хуулийг ард иргэдээрээ хэлэлцүүлээч, 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлээч гэдгийг миний бие Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин АН-ын гишүүд болон залуучуудын төлөөлөлтэй хамт УИХ-ын даргатай орж уулзлаа. УИХ-ын дарга асуудлыг хүлээн авч байна.
Гаднын хөрөнгө оруулалт багасаж байгаа шалтгаан нь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байсан үед Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Энэ санамж бичгийн дараа Японууд хөрөнгө оруулах юм байна гэсэн ойлголттой байсан. Дараа нь асар том довтолгоо явсан. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал руу дайрч, баривчилгаа явах шахсан. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоосон.
Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад Тавантолгойд олон орны хөрөнгө оруулагчид оролцож, том консерциумууд орж ирсэн. Гэтэл тэрийг бүгдийг хоосон буцаагаад Хятадын Шиньхау компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгэдэг. Энэ тал дээр эргэн хараачээ гэдэг санал тавьсан.
Намын шийдвэр гарлаа гээд бүгдийг нэг намын эрх ашгаар шийдээд байж болох юм уу. Намын бүлэг гурван сая монголчуудын эрх ашгийг хангаж чадахгүй шүү дээ. Гол нь манай хууль тогтоомж өөрөө тогтвортой байх л ёстой.”гэв.
Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
–Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатарын батлуулсан хуульд байнга хориг тавьдаг байсан шүү дээ?
-Ч.Хүрэлбаатартай хувь хүний хувьд асуудал байхгүй.
-Таныг тог цахилгаан таслахад хүртэл нөлөөлсөн гэж байгаа шүү дээ?
-Одоо миний нөлөөлөөгүй юм үлдсэн үү. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг холбодог шүү дээ. Оросуудтай холбоотой юм байхгүй.
-Төмөр замын асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Төмөр замын асуудал бол Монголчуудын бахархал. Эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Түүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.
-Та 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Би нэр дэвшихгүй байх.