УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр чуулганы хуралдааны эхэнд Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авах ёстойг хэллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ховд аймгийн Хөшөөтийн уурхай дээр 100 хувь Хонконгийн хөрөнгө оруулалттай “Мо ЭнКо” компани үйл ажиллагаа явуулж байгаа. Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авмаар байна. Хөшөөтийг төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон.
Өнөөдөр 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож орж ирсэн. Ингэж орж ирэхдээ их зүйл амлаж, үүрэг хүлээсэн.
Дулааны цахилгаан станц, коксын үйлдвэр барина, Монголын компаниудыг дэмжинэ гэсэн. Ганцхан үүргээ биелүүлж байгаа. Монголын компани ханган нийлүүлэгчээр оролцож, тээврийг монголчууд хийж байгаа.
Цахилгаан станц барих асуудал байхгүй болчихсон. Баруун аймгийнхан ОХУ, Хятадаас өндөр үнэтэй цахилгаан авч байна. Коксын ч үйлдвэр байхгүй. Ийм байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна. Тиймээс стратегийн ордод авъя. Монголын төр 34 хувийг нь эзэмшье.
Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн хүртэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлмээр байна.
Нүүрсний хулгай, хууль бус зүйл Хөшөөт дээр байна гэж ярьдаг. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан “Мо ЭнКо” компани Хөшөөтийн уурхайг шалгаж, нүүрсний хулгай байгаа эсэхийг нягталмаар байна. Монголын төр, монголын ард түмэн баялагтаа эзэн баймаар байна. Баялгаа орон нутаг биш олон нийт мэддэг, төр мэддэг болох хэрэгтэй. Хөшөөтийг уурхайг стратегийн ордод авах асуудлыг цаашдаа хөндөнө” гэв.