АН сонгуулийн өмнө бужигнах юм бол “хомрогонд орсон цагаан зээр” шиг болно

“Олон ястны өлгий” гэдэг шиг АН яах аргагүй олон нам, олон фракцийн нэгдэл. АН-ын дарга болно гэдэг энэ олон фракцийн эрх ашгийг бодлогодоо багтааж явах ёстой болно гэсэн үг.

Тус намыг өмнө нь удирдаж байсан С.Эрдэнэ энэ бодлогыг орхигдуулж, асуудлыг амар хялбар аргаар, толгой гашилгахгүй шийдвэрлэх гэхдээ санал зөрсөн гишүүн болгоныг том бага, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэйгүй хөөж туугаад алийг нь алдуулсан. Сүүлдээ АН-ын хэзээ ч дутахааргүй хүмүүс болох О.Баасанхүү, С.Жавхлан нарыг хадагтай тосч, бүүр зүүдэнд ормооргүй хошин шог дэглэсэн. Тэгээд нөгөө аймшигт “тамгагүй намын дарга” ба тамгатай “эртний хүн” жүжиг үргэлжилсэн.

Харин АН-ын дарга Л.Гантөмөр  АН-ын язгуур хөрсийг сэргээж байна. Тэр намын дарга байх хугацаандаа “Намаас хөөгдсөн гишүүдийн эрхийг сэргээж байна. Ямар ч хүнийг намаас хөөхгүй” гэдгээ мэдэгдчихлээ.

Ийм л чөлөөтэй, орж гарсан нам л даа. Энэ их эрх чөлөө нь АН-ыг үргэлж “алж” ирсэн юм. Ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хэн ч өөр намтай холбоо сүлбээ тогтоогоод баярынх нь бялуугаас хүртээд явчих боломжтой. Нэгэнт АН-ын язгуур араншинг сэргээж байгаа учраас Л.Гантөмөр өөртөө хавх тавьснаас ялгаагүй. Сонгуулиас өмнө намын даргыг солих нэг сарын хугацаа байна. Улс төрийн намын хуульд зааснаар бол. АН-ын хэн нэгний “гэдэн хөдлөөд” Л.Гантөмөрөөр удирдуулж сонгуульд орохгүй гээд “тэмцээд” эхэлбэл намын даргын асуудлыг яах аргагүй л сөхөж таарна.

 Энэ зуршил хэвээр байгаа нь Н.Алтанхуягийг намын дарга болох гэнэ гэсэн мессежүүд энд тэндгүй хөвөрч байгаа нь юм. Н.Алтанхуяг “Намайг намын дарга болгоод байх юм даа” гэж их л хойш суусан байдалтай хариулт өгч байгаа ч цагаа  тулбал гараа өргөж гарч ирээд намын даргад өрсөлдөж чадна. Магадгүй ийм мессеж өөрөөс нь тараасан зүйл байж ч мэднэ.

Харин АН-ын УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл Л.Гантөмөрт сэтгэл хангалуун байгаа бололтой, тэр “Ах нар холхон байвал улс оронд тун ч тустай байна” гэж Н.Алтанхуягт хаягласан үг хэлчихлээ.

АН-ыг 2000 онд анх байгуулагдахад Увсын Д.Дорлигжав даргаар нь сонгогдож байв. Одоо тус намын дарга, УИХ дахь бүлгийн дарга нь бас л Увсын хүмүүс байна. АН-ын олон сонгууль дамнуулан ялуулсан дарга асан гэдгээрээ, бас Засгийн газрынх нь явуулж байсан бодлого нэр хүндтэй үлдсэнээрээ Н.Алтанхуяг нөлөөтэй байна. Гэхдээ тэр “АН дэндүү жижигхэн харагдаж байна, улс орны хувь заяа чухал байна” гэсэн үг хэлчихлээ.

Тэр үнэн бол АН-ын даргын төлөөх зодоон өрнөлгүй сонгуульд Л.Гантөмөр намаа удирдаад орчих магадлал байна. Гэхдээ яаж ч мэдэх нэг хүн байна. УИХ-ын даргад өргөх бичиг бариад явж байгаа экс Ерөнхийлөгч Х.Батулга АН-ын дарга руу МоАХ-ны партизануудаа жагсаагаад дайралт хийж мэдэх юм.

Т.Санаа

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …