Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өвөлжилт хүндэрсэн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ газар дээрээ ямар биелэлттэй байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авахаар Төв аймгийн зарим сумд болон Багануур дүүргийн малчин өрхүүдээр ажиллалаа.
Төв аймгийн хэмжээнд энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхээс өвөлжилт харьцангуй өнтэй болж байгааг Баяндэлгэр сумын малчид хэлж байв. Аймгийн ЗДТГ-аас малчдыг хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах боломжоор нь хангаж байгаа тул малчид өөрсдийн түвшинд хивэг, тэжээл бэлтгэж байгаа аж.
Төв аймагт Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Улсын нөөцөөс хивэг 100 тонн, цеолит 3.84 тонн, рапс 6.64, хорголжин тэжээл 130 тонн тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Орон нутгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсонтой холбоотойгоор зам, даваа гаргах, малчдад өвс, тэжээл татахад зориулж улсын нөөцөөс 30 тонн шатахуун нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ.
Баяндэлгэр сумын залуу малчин П.Эрдэнэбатын хот айлаар зочилж, УИХ, Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулан, малчдын санал бодлыг нь сонссон юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан малчдад тулгамдаж буй гол асуудал нь хүн хүчний хомсдол байдаг учраас “Хот айл” загвар төслийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдыг хот айлаараа нэгдэж хорших жишиг тогтоохоор бодлогын ажлууд хийгдэж байгаа тухай хэллээ.
П.Эрдэнэбат Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутгаар энэ жил өвөлжилт харьцангуй боломжийн, өвс тэжээлээ ч хангалттай бэлдсэн талаараа хэлж байлаа. Өнгөрөгч 2 жил өвөл зутруу орсон тул тарга тэвээрэг муутай малаа намар эрт хэрэгцээнд бойлсон гэнэ.