Х.Алтай: Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн бол Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах томоохон ажлын эхлэл

Монголын Эдийн Засгийн Форум 2024 – “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” өнөөдөр  /2024.02.01/ Улаанбаатар хотноо эхэллээ.

Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийг танилцуулж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм.

 

Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа 4 бүсэд хувааж байсан бол энэ удаад Хойд, Хангайн, Баруун,  Зүүн, Төвийн бүс, Говийн гэсэн 6 бүсэд хуваажээ.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Зүүн бүсийн хоёр дахь өдрийн “Зүүн бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт-Эрх зүй” хэлэлцүүлэгт Монголын хөрөнгийн бирж ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Сангийн сайдын зөвлөх Х.Алтай панелистаар оролцоно.

Бүсчилсэн хөгжлийн ач холбогдлын талаар Сангийн сайдын зөвлөх Х.Алтайгаас тодрууллаа.

Сангийн сайдын зөвлөх Х.Алтай “Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнийг Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах томоохон ажлын эхлэл болж байна гэж харж байна. Ялангуяа зүүн бүсийн хөгжлийн хувьд  хэд хэдэн онцлог давуу тал ажиглагддаг.

Зүүн бүсийн хувьд нэлээд хэдэн боомттой, мөн хоёр хөрштэй хиллэдэг.

Бүгд найрамдах Хятад ард улсын Ляонин, Хэбэй зэрэг Хятадын эдийн засгийн гол хөгжлийн хөдөлгүүр болж байгаа эдгээр бүс нутаг болон Оросын Холбооны улстай хиллэдэг.

Оросын Холбооны улсын Cиберь байгалийн асар их баялагтай, дэд бүтэц нь харьцангуй сайн хөгжсөн.

Зүүн бүсийн хувьд Дорнод аймаг төмөр замтай, төмөр зам нь  Оросын холбооны улс, Чойбалсан хотыг холбодог. Чойбалсан хотоос урагшаа Бичигтийн боомт руу төмөр зам холбогдсоноор Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд авчрах боломжтой гэж харж байгаа. Тухайлбал, Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улсын худалдаа идэвхжиж байна. Энэ нь манай улсын зүүн бүсээр дайрах төмөр зам тавигдсан тохиолдолд зүүн бүсээр дайрч өнгөрнө.

Монголын уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа зүүн бүс  байгалийн баялгаараа арвин, олборлолт хийгээд эхэлчихсэн бүс нутаг. Тэгэхлээр Монголын бүтээгдэхүүн зорилтот зах зээлдээ хүрч, Монгол улсынхаа эдийн засагт өгөөжөө хүртээх боломжтой бүс нутаг.

Мөн нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Зүүн бүс газар зүйн хувьд харьцангуй өндөр уул, даваа гүвээ багатай учир мал аж ахуй  хөгжих боломжтой. Түүнчлэн зүүн бүсэд мал аж ахуйг хөгжүүлснээр  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн  боломжтой. Мөн аялал жуулчлал хөгжих боломжтой бүс нутаг.

Зүүн бүсэд дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт татах шаардлагатай.  Гэхдээ томоохон хөрөнгө оруулалтыг татахын тулд татварын орчин тогтвортой байх ёстой.

 Монгол Улсын зүүн бүс нүүрсээр баялаг тул үүнийг түшиглэн цахилгаан станц барих боломжтой гэж харж байгаа. Ингэснээр дотоодод дутагдаад байгаа эрчим хүчийг хангах, цаашилбал Монгол Улсын  нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлээд эрчим хүч шаардлагатай байгаа БНХАУ- руу экспортлох бүрэн боломжтой. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд татварын тогтвортой орчин хэрэгтэй” гэдгийг онцлов.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …