Хүүхдийн хөгжмийн “Авьяастан” сургалтын төв 30 нас хүрлээ

Ардын жүжигчин Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын  Филармонийн ерөнхий удирдаач, Урлагийн  Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяр  агсны үүсгэн байгуулсан, урлагийн “Дэм” нийгэмлэгийн дэргэдэх хүүхдийн хөгжмийн  “Авьяастан” сургалтын төв 1993-1994 оны  хичээлийн жилээс элсэлтээ авч, хөгжим   сонирхогч бяцхан сурагчдадаа төгөлдөр хуур  зааж эхэлжээ. Үүнээс хойш  30 жил өнгөрчээ.

Тус төв төгөлдөр хуурын сургалтаа сонгодог хөгжмийн чиглэлээр явуулдаг бөгөөд өсвөр үеийнхнийг төгөлдөр хуур хөгжим тоглуулж сургах хөгжмийн анхан болон дунд шатны боловсрол олгох, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хүн төрөлхтний бүтээн туурвисан шилдэг, сонгодог бүтээлүүдээс танилцуулан, утга агуулгыг ойлгуулж, сонсож, мэдэрч, үнэлж дүгнэж цэгнэх, түүнээсээ сэтгэлийн таашаал авах чадвартай болгодог.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд “Авьяастан” төв олон зуун хүүхдийг төгөлдөр хуур хөгжимд сургахын зэрэгцээ тэдний хөгжимд дурлах сонирхлыг хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Тухайлбал, “Ээжээ та сонсооч” улсын уралдааныг 7 удаа зохион явуулж, төгөлдөр хуур сонирхон суралцагч олон хүүхдийг урамшуулан шагнаж, авьяас чадварыг нь тодруулж, цаашид суралцах сонирхлыг хөгжүүлсэн байна.

Тус сургалтын төвийн хүүхдүүд 1999 оноос эхлэн эх орондоо болон Франц, Испани, АНУ, Португал, Унгар, ОХУ, БНХАУ, Итали, Япон зэрэг орнуудад зохиогддог өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаануудад амжилттай оролцож, тоглох ур чадвараа жилээс жилд ахиулан дээшлүүлж, сонгодог хөгжим олон зуун жил хөгжсөн орнуудын хүүхдүүдтэй эн зэрэгцэн тоглох болжээ. Авьяаслаг хүүхдүүд оролцсон уралдаан бүртээ амжилт гарган Гран-При, Шилдэг тоглогч, I, II, III байрууд, тусгай шагналуудыг хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн явж байгаа юм. Мөн тухайн уралдаануудаас “Шилдэг багш”-ийн шагналуудыг ч хүртсэн байна.

“Авьяастан” төвөөс 2022 онд “Залуу удирдаач”, цөөхүүл хөгжимчдийн Улсын анхдугаар уралдааныг санаачлан амжилттай зохион байгуулж, “ICM Rainbow center Mongolia” aсpaмжийн төвийн хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн аян зохион байгуулж, сургалтын төвийн сурагчид, асран хамгаалагчидтай хамтран хэрэгжүүлжээ. Түүнчлэн Улсын 2-р эмнэлгийн “Сайн үйлсийн аян”-ний хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн хүн ардынхаа бие сэтгэлийн дархлааг дэмжих ариун үйлсийг дэмжин сурагчидтайгаа хамтран тоглолт зохион байгуулсан байна. Тус төсвийн захирал, төгөлдөр хуурын багш Д.Наранцацрал Монгол Улсын гавьяат багш цол хүртжээ.

Тэрээр хүүхэд багачууд, залууст сонгодог урлагийг таниулан сурталчлахын зэрэгцээ тэднийг хөгжмийн боловсролтой болгох, төгөлдөр хуур хөгжимд сургах үйлсдээ амжилт гаргахын зэрэгцээ олон шавь нараа Монголын болон олон улсын уралдаануудад амжилттай оролцуулсан тул энэхүү эрхэм алдрыг хүртээсэн байна. Ийнхүү хөгжимд сонирхолтой, авьяастай хүүхдүүдийн авьяас, сонирхлыг нээн илрүүлж, хөгжүүлэн ундраагч “Авьяастан” сургалтын төв 30 нас хүрч байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …