Т.Пүрэвхатан:Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг хамгийн их зудад нэрвэгдсэн

Ардчилсан нам дөрөв дэхь өдөр болгон нийгэм, цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ.

Өнөөдрийн 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Пунсалмаа, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар зудын гамшигт нэрвэгдэж буй малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлж буй талаар болон цас, зуд нүүрлэсэн үед хэрхэн арга хэмжээ авах , шийдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Т. Пүрэвхатан: Монгол Улсын хэмжээнд зудын байдал нэн хүнд байгаа бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын буюу зүүн гурван аймгийн хувьд хамгийн их зудад нэрвэгдсэн, малын хорогдол өндөр гамшгийн бүс болоод байна.

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлсэн “Өрийн дарамтгүй Монгол” аяны хүрээнд 10, 11-р сард аймаг, сумдаараа явж байх үед гэнэтийн маш олон удаагийн цас  орж байсан. Яг түүнтэй зэрэгцэн бид анхааруулж байсан боловч ямар нэг арга хэмжээ авалгүй, шагнал, тэмдэг тарааж өдий хүрлээ. Монгол Улсад уул уурхайн салбарын дараа хөдөө аж ахуйн салбар ордог. 1996 онд нийт ДНБ-ны 38 хувийг  хөдөө аж ахуйн салбар эзэлж байсан бол 2023 оны байдлаар 12.3 хувь болтлоо буурсан байна.

 

Өчигдөр Хэнтий аймагт зудын нөхцөл байдалд ажиллаж байгаад ирлээ. Яг малчдын хотонд юу тулгамдаж байгаа юм гэдгийг хараад, ажиллаад ирлээ.

Малаасаа гадна хүнийхээ эрүүл мэндийг авч үзэх шаардлагатай байна. Малчдад зам гаргах асуудал хамгийн чухал байна.

Өнөөдөр зам гаргалаа гэхэд 2-3 цагийн дараа байхгүй болчхоод байна. Замаа гаргачих юм бол иргэд өөрсдөө яваад эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Тиймээс малчид, иргэд замын асуудлаа шийдэж өгөөч гэдэг саналыг хамгийн ихээр хэлж байна.

Байгалийн гамшиг гэдэг байгаль цаг уурынх нь нөхцөлөөс шалтгаалан улс орон бүрд тулгардаг. Харин түүнийгээ яаж хохирол багатайгаар давах вэ гэдэг улс орнуудын менежментийн асуудал болсоор байна. Тиймд бид урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай хийх бодит шаардлага тулгарч байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Б. Пунсалмаа: Хөдөө орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байна. Ардчилсан нам өдөр бүр хүндрэлтэй байгаа орон нутгуудаас мэдээ авч нэгтгэж байна. Бидний авсан мэдээгээр цас их хэмжээгээр орсны улмаас зам дарагдаж, машин тэрэг айлууд руу нэвтрэх боломжгүй байна. Тиймээс аль болох малын тоо, толгойг бууруулахгүй байхын тулд дулаан нэмнээ, элгэвч бэлдэж өгөх шаардлагатай байна. Тиймээс Нийслэлийн 9 дүүрэгт цэг бүр дээр Ардчилсан нам ажиллаж “Амь нэгтэй Монголчууд” аяныг зохион байгуулж байна.

Монгол Улсын эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг бодит байдал дээр солонгорсон, тогтвортой хөгжил бүхий эдийн засаг алга. Өнөөдөр бид малчдынхаа эдийн засгийг, бизнесийг солонгоруулах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр хомс байгаатай холбогдуулан малын шим тэжээлт бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, хөгжүүлэхэд төрийн зүгээс бодлогоор ажиллах шаардлагатай байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Цас, зудын нөхцөл байдал дан ганц малчдын хөдөө орон нутгийн бус Монгол Улсыг хамарсан гамшиг болоод байна. Монгол Улсын гол ачааг үүрч явдаг хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малчид нэн хүнд нөхцөл байдалд орлоо. “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зарлан малчдадаа тусламж үзүүлэхээр Ардчилсан нам ажиллаж эхлээд байна.

Малчдын эрүүл мэндийн болон бусад тусламж дэмжлэгийг яаралтай хүргүүлэх, мэргэжлийн яамд, салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Цас зуд гэдэг үргэлж болж байдаг. Тиймээс бидэнд байгалийн гамшигтай нөхцөл байдалд яаж ажилладаг талаар зөвлөмжүүдийг олон улсын байгууллагуудаас хүргүүлж байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …