Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан, шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв.
Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаарууллаа.
Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг сануулав.
Өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулахын тулд прокурорын байгууллагад нөлөөлөх, хараат бусаар ажиллахад саад учруулах зорилготой аливаа үйлдлийг тухай бүр таслан зогсоож, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов.
Газар нутаг, байгалийн баялгийг бусдад хууль бусаар эзэмшүүлж, ашиглуулсан хүмүүстэй хатуу тэмцэх, байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг улам эрчимжүүлж, бодит үр дүн гаргах ёстойг сануулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдэлж, шударгаар ажиллаж буй прокурорууд болон прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Прокурорын байгууллагын удирдах ажилтны энэ удаагийн зөвлөгөөн “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-ний зорилтын нэг болох “Бүтээмж, үр нөлөө” уриан дор болж байна.
Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 51 удирдах албан тушаалтан биечлэн, 1,200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож байгаа юм.