Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав.
Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн даргалсан бөгөөд хуралдаан 12 цаг 36 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гаргав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь цөөнхийн зүгээс энэхүү хянан шалгах түр хорооны бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Н.Ганибал нар хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа болон нэр дэвшүүлэх саналтай холбогдуулан үг хэлэв. Хянан шалгах түр хороо нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлах талаар гишүүд байр сууриа илэрхийлж байв. Хамгийн чухал нь хяналт, шалгалтын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах гэдгийг үг хэлсэн гишүүд тэмдэглэж байв.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Г.Тэмүүлэн гишүүний саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 8 гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжив.
Иймд “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг Ц.Даваасүрэн хуралдаанд танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 8 гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжснээр тогтоол батлагдаж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо.