Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Төслийн талаар Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өсөөд байна. Гэвч гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсжээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.
Бид олон улсын түвшин, зах зээлийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж асуудалд хандах нь зүйтэй. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл. Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй гэдгийг онцлов.
Мөн тэрбээр, сүүлийн нэг жилийн хугацаанд ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулан, гурилын монополь үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн талаар акт тавиад ч, арга хэмжээ авч чадахгүй байна. Иймд Засгийн газар гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэж, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь тодорхой хугацаа, хэмжээ заасан шийдвэр гаргавал үүнд нь нийцүүлэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ багасгаж, хомстол бий болгодог. Засгийн газар цаашдаа тариаланчдын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг дордуулахгүй байх тал дээр анхаарал тавина.
Хуулийн төслийн хүрээнд гурилын импортоос аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн ашиг олох нь чухал биш, харин зах зээлийн зарчмаар бодит үнэ тогтож, гурил гурилан бүтээгдэхүүн ард иргэдийн амьжиргаанд дарамт болдоггүй байх нь Засгийн газрын хувьд чухал.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэн, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг долдугаар сарын 01-ний өдөр хүртэл, хэмжээг 25 мянган тонн гэж тодорхой зохицуулалт хийнэ гэвэл мэргэжлийн Байнгын хорооны даргын хувьд дэмжинэ гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, тариалалтыг дэмжих, гурилын үнэ гэсэн хоёр өөр асуудлыг нэг бодлогоор шийдэх боломжгүйг тодотгоод гурилын эрэлт нийлүүлэлт зах зээлийн цэвэр өрсөлдөөний зарчмаар шийдэгдэж, хэрэглэгчдэд бодит үнээр хүрэх шаардлагатай тул төслийг дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.
Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.