Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо.
Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм.
Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчид, зочид буудал, агаарын тээврийн компаниуд, хэвлэл мэдээллийнхэн, кино урлаг, дэлгэцийн бүтээлийн одод, найруулагч, продюсерууд, цахим ертөнц, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид, контент бүтээгчдэд талархал илэрхийллээ. Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 22-т эрэмбэлэгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлсэн. Энэ өсөлт зөвхөн уул уурхайн биш аялал жуулчлалын салбараас байсан нь чухал үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Өнгөрсөн онд Монголд ирсэн гурван жуулчин тутмын нэг нь тус улсаас ирсэн байна. Монгол Улсын Засгийн газар Солонгосын иргэдийг визгүй зорчих эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ гэв.
Монгол хүүхэд залуусын үзэж, сонсох дуртай Солонгосын алдартай дуучид, жүжигчид, Монголд аялсан тухайгаа нэвтрүүлэг контентоороо танилцуулж байна. Өнөөдөр Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр Монгол Улсын талаар нэвтрүүлэг цацагдаж байгаа судалгаа байгаа юм гэдгийг дурдаад олон улсад Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж буй Солонгос улсын ард иргэдэд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Монгол Улс 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ. Монгол, Солонгос хоёр улсын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттай тогтмол нэмэгдүүлэх, орон нутгийн шууд нислэгийг нээх шийдвэр гаргасан.
Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Монгол Улсын цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, олон улсын хэмжээнд сайн туршилга болсон. Мөн орон нутагт “Starlink” өндөр хурдны интернет үйлчилгээ бүрэн нэвтэрсэн зэрэг мэдээллийг тус арга хэмжээний үеэр өглөө.
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлээд “Хөх толботон” хэмээх энэхүү маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтой гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзана, мөн тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзах юм.