Монгол улсын уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-ийн судлаач инженерүүд санаачлан компанийн Геометаллургийн хөтөлбөрийг боловсруулсан.
Уг хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтэн, судлаач инженерүүд сургалтад хамрагдаж байна. Өмнөд Африкийн иргэн, олон улсын зөвлөх, доктор Роберт Шоувстра геометаллургийн цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн одоо байгаа түвшинг үнэлэх юм.
Хүдэр олборлох, боловсруулах үйл ажиллагааны уялдааг сайжруулах, технологийн тогтвортой нөхцлийг хангах, үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн төлөвлөлтийг оновчлох, байгаль орчин хамгаалах, хаалтын менежментийн бодлогыг тодорхойлох зэрэг хөгжлийн олон асуудлыг цогцоор нь тусгасан тус хөтөлбөрийг компанийн хэмжээнд хэрэгжүүлэхээр 2017 оны долдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарсан.
Геометаллургийн хөтөлбөр нь дэлхийн уул уурхайн компаниуд сүүлийн 15-20 жилд эрчимтэй хөгжиж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр ч дэлхийн уул уурхайн компаниудын жишгээр үйл ажиллагаанд Геометаллургийн хөтөлбөрийг нэвтрүүлж байна.