-Систем гэж юу вэ?
-“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог”
Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж байхын тулд олон хэсэгт эргэх хүрдүүд ажиллаж, нэгнээ харилцан хамааралтайгаар дэмжих явц. Харин бүрдүүлэгч нэгж хэсэг бүрийг дэд систем гэх ба тэдний нэгдлээр жолооны хүрд эргэж, машин хөдөлж байна. Машин хөдлөх нь системийн олонлогийн хүч юм.
Саяхнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж Монголд авлигын систем угсарсан автор мөн” гэх агуулга хөндөх болсон. Харин Ц.Элбэгдорж түүнийг “…Бас систем гэдэг үг цээжилчихжээ. Наадах чинь коммунист ойлголт” гэж доош хийсэн аяс цухалзуулжээ.
Монголд системийн түвшинд авлигын пирамидыг үнэхээр Ц.Элбэгдорж угсарсан уу.
Ц.Элбэгдорж 1992 оны анхны парламентын сонгуулиас эхэлж, 1996, 2008 онуудад ГУРВАН удаа УИХ-ын гишүүнээр, 1998, 2004 онуудад ХОЁР удаа Ерөнхий сайдаар, 2009, 2013 онуудад ХОЁР удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр өнөөгийн МоАХ-г анхлан үүсгэн байгуулалцаж, АН-ын даргаар ажиллаж, нийгмийн шилжилтийн 30 жилд ер тасралтгүй Монголын улс төрийн тэргүүн магнайд заларсаар иржээ.
Манай томчууд дунд олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс нэлээд бий ч яг Ц.Элбэгдорж шиг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа ажилласан хүн үгүй. Бас П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд одоогийн яригдаад байгаа МАНАН бүлэглэлийн суурь үүсэж, тодорхой хүрээнд бэхэжсээр байсан ч яг Ц.Элбэгдоржийн үед жинхэнэ оргилдоо хүрч хөгжсөн харагддаг.
Асуулт. Яагаад ингэж харж болох вэ. Системийн авлигыг хамгийн сайн хөгжүүлэхийн тулд:
- Дотоодын хууль, хүчний байгууллагуудыг яг таг атгах,
- Зэрэгцээ орших улс төрийн намын ахлагчтай эрх ашгаа нэгтгэх замаар ойртон нөхөрлөх,
- Төрийн болоод хувийн томоохон бизнесүүдэд нөлөөгөө шигтгэх,
- Дэлхийн улсуудын геополитикийн томоохон тоглогчоор нэрлэгддэг үндэстэн дамнасан корпорациуд орж ирвэл тэдэнтэй эв санаа нэгтгэх,
- Гүйцэтгэх ба хууль тогтоох засаглалыг шууд бусаар удирдах,
- Намуудын парламент дахь бүлгүүдийг хараандаа байлгах зэрэг олон чиглэлд хяналтаа тогтоосон байх шаардлага үүснэ.
Системийн авлига ийм олон салбарыг зэрэг атгаж, хяналтдаа байлгаж, удирдан чиглүүлж байж л хөгжих боломжтой.
Дээрх шинжүүдээр Ц.Элбэгдорж М.Энхболдтой нэгдэх замаар МАНАН-г хүчирхэгжүүлэх, УИХ, Засгийн газар зэрэг инститүцэд өөрсдийн хүмүүсээ шигтгэх, санал хайрцаглах, УДШ-ийн Ерөнхий шүүгч, УЕП, Хууль зүйн сайд, АТГ, ТЕГ-ын даргын албан тушаалуудыг хүслээрээ томилох, ҮХЦ-д нөлөөгөө бэхжүүлэх, “Эрдэнэт үйлдвэр”, Тавантолгойн бүлэг ордод хүчтэй мөнгө эргэлдүүлэх, ҮДК болох “Рио Тинто”-г дэмжих зэргээр маш сайн пирамид бүрдүүлсээр ирсэн нь харагддаг.
Ч.Сайханбилэгээр жишээ авахад,
Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, “утсан хүүхэлдэй” маягийн ЗГ-ын тэргүүнээр түүнийг томилж байв. Үүнд, тухайн үеийн спикер, МАН-ын бүлэг идэвхтэй оролцсон. Ч.Сайханбилэг ЗГ тэргүүлээд Дубайн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх хоёр үндсэн ажлыг амжуулсан байдаг.
Оролцогчид нь, ҮДК болох Рио Тинто, ОХУ-ын төрийн өмчийн агуулга хүртлээ гадагшаа тэлсэн. Дотоодод Дубайн гэрээгээр монголчууд Оюутолгойн төслөөс ногдол ашиг авах хугацаа бүр талийж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төр давуу эрхээр худалдан авахаас ЗГ-ын хүрээнд татгалзсан юм. Системийн шинжтэй, цөөн хүрээнийхний эрх ашигт үйлчилсэн ийм лоббины хохирогчид нь ард түмэн.