“Энхийн хувьсгал” явуулж буй Тайландын сөрөг хүчнийхэн өчигдөр засгийн газраа тарааж чадсан ч зорилгодоо хүрээгүй байна гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, сөрөг хүчний удирдагч Сутхеп Тхыаксубан өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ерөнхий сайдын парламентыг тараан, бүх нийтийн шинэ сонгууль явуулах тухай мэдэгдлүүд нь сөрөг хүчнийхний ялалт биш. Бидний өнөөдрийн зорилго–Засгийн газрын ордонг эзлэн авах. Бид “энхийн хувьсгал” явуулах өөрсдийн төлөвлөгөөнөөсөө хэзээ ч ухрахгүй.” гэсэн байна.
Тиймээс сөрөг хүчнийхэн засгийн газрын ордонг эзлэн авахаас нааш Бангкок хотын гудамжуудад үймээн, жагсаал тасрахгүй нь болотой. Одоогоор эсэргүүцлийн арга хэмжээнд 100 мянга гаруй иргэд оролцож байгаа бөгөөд цаашид ч эл тоо өсөх хандлагатай байгаа аж. Мөн жагсагчид дахин сонгууль боллоо ч Чинаватын шинэ хүмүүс дахин засгийн эрхэнд гарах тул өөрсдөө шууд засгийн эрхийг авах хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгджээ. Жагсаал ийнхүү хүчээ авах болсон өөр нэг шалтгаан нь өчигдөр Тайландын парламентын сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд өөрсдийн бүрэн эрхээсээ татгалзаж, гудамжны жагсагчидтай нэгдэн орсон явдал юм.
Дашрамд дурьдахад, Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават тус улсын парламентыг тараах болон ээлжит бус сонгуулийг товлох тухай өчигдөр мэдэгдэл хийсэн бөгөөд Чинават тус улсын засгийн газрын тэргүүний “үүрэг гүйцэтгэгч” болохоос татгалзсан. Ингэснээр Тайландын хаан сонгууль болтол ерөнхий сайдын “үүрэг гүйцэтгэгчийг” шууд томилох шаардлагатай болсон байна. Мөн тус улсын үндсэн хуульд засаан дагуу дараагийн сонгуулийг хоёр сар буюу засгийн газар огцорсноос 60 хоногийн дараа явуулах ёстой ажээ.