Өнгөрөгч долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталсан. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталж, стратегийн ордуудаас төвлөрөх ногдол ашгийг иргэдийн нэрийн дансанд байршуулахаар болсон.
Эл үйл явцтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтад буцаагдаад байгаа хэргийг дахин шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг чиглэлийг Засгийн газрын харьяанд байх холбогдох байгууллагуудад өгчээ.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Хөтөл цемент шохой”, “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой 20 хүнд холбогдох хэргийг өнгөрөгч оны аравдугаар сард шүүхэд шилжүүлж, 12 дугаар сард урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч шүүхээс ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хилээр гарч эх орондоо эргэж ирээгүй байгаа тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нийслэлийн прокурорын газарт буцаах шийдвэрийг гаргасан юм. Гэвч Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн чухал ордуудаас төвлөрөх мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор асуудал үүсч магадгүй байгаа тул эл хэргийн явцыг хуулийн хүрээнд урагшлуулах чиглэлийг өгсөн нь энэ аж.
Эх сурвалж: Ubn.mn