Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.05.14/ хуралдлаа.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр “Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн.
Нэгдүгээрт: Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай тогтоолыг баталлаа.
Хоёрдугаарт: Нотлох баримтыг шинжлэн судлах, хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан.
Гуравдугаарт: Түр хорооны сонсголоор гэрчээр дуудах албан тушаалтан зохих иргэдийг хэлэлцэж баталлаа.
Түр хорооны сонсгол тавдугаар сарын 21, 22-ны өдөр болохоор болсон.
98 гэрч оролцуулахаар тогтсон.
Тодруулбал
-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар
-Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл
-Нийслэл Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар
-Нийслэлийн Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн
-Нийслэлийн Засаг дарга зөвлөх асан И.Баатархүү
-НЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
-НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Содбаяр
-Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр, Нийслэлийн нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
-“Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын 98 хүнийг гэрчээр дуудахаар товлосон” гэлээ.