Лу.Гантөмөр: АН-ын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор хүргүүлсэн

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшилт, нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:Ардчилсан намын байр суурь нэг л байгаа. Ардчилсан намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор хүргүүлсэн.

Ардчилсан нам 9 дэх удаагийн ардчилсан сонгуульд ороход бэлэн байгаа. Бид сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. Хуулийн хугацаанд буюу 5-р сарын 20-ны орой нэр дэвшигчдийнхээ нэрийг зарласан.

2016 оны сонгуульд ялагдал хүлээж, 2020 оны сонгуульд ч мөн ялагдал хүлээж бүлэг байгуулах хэмжээнд арай ядан очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн ялагдсан. Энэ удаагийн сонгууль зөвхөн Ардчилсан намын биш монголын ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль болно. Ардчилсан нам орон даяар “Бүтэн монгол, бүрэн ардчилал” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн монголын асуудлыг маш нарийн тодорхойлон гаргасан. Монголын хамгийн том асуудал бол авлига. Тийм учраас авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг илгээх нь нийт ард түмний хүсэл болж байна. Түүнээс гадна монголчуудын хамгийн том зовлон бол өрийн дарамт юм. Тиймээс манай намын хамгийн гол зорилго бол “Өрийн дарамт”-аас монголыг чөлөөлөх.

Нэр дэвшүүлэлтээ эхлээд бид намын гишүүд, аймаг дүүргийн намын хороодоосоо асуусан. Дараа нь сонгон шалгаруулах хороо байгуулан дэвшүүлэлтээ хийсэн. Тойрог дээр өрсөлдөж чадахуйц хүмүүсээ тойрог руу нь бүрэн илгээхийг хүссэн.

Ард түмэн нэг л зүйлийг хэлж байна. Бидний тулгамдаад байгаа асуудлуудыг 8 жилийн хугацаанд огт шийдсэнгүй гэж байна. Ялагдаагүй ерөнхийлөгч гэж бид үзэж байгаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлж байгаа, хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж Н.Алтанхуягийг хэлдэг.

Хуучин улс төрчид, хуучин засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ дийлэнхийг нь хойш суулгасан. Харин тэднээсээ Ардчилсан намаа дэмжиж ажиллахыг хүссэн.

Иргэд шинэ залуу нэр дэвшигчдийг хүсэж байгаа учраас залуучуудаа гаргаж ирсэн. Манай намын 102 нэр дэвшигч нь цоо шинэ хүмүүс байна. Бид тодорхой шийдэл, тодорхой туршлагаас гадна ард түмнийг итгэлийг авч чадах шонхруудыг, салбар, салбарын төлөөллүүдийг энэ сонгуулиар дэвшүүлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн жил 108 уулзалт, он гараад нийт 85 уулзалт хийсэн. Уулзалтын үеэр иргэд нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлэхийг хүсэж, захисан. Би хариуд нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хүмүүсийг дэвшүүлнэ гэдгээ илэрхийлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар: Ардчилсан намын ҮБХ-ны хурлыг цахим орчинд янз бүрийн байр сууриар илэрхийлж байна. Яг үнэндээ Монголын ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Бидний боломжийг хулгайлсан авлигачдаасаа салгах тэр хүчийг гаргаж ирээч ээ гэдгийг иргэд хүсэж байна.

Монголын ардчилсан тогтолцоог бэхжүүлж чадах хүчин бол Ардчилсан нам гэдгийг онцлон нэр дэвшигчдийг тодруулах ҮБХ-ны хурал шударга мэтгэлцээн дунд үргэлжилсэн гэв.

Эрүүл өрсөлдөөн дундаас нэр дэвшигчид тодорсон тулд АН-ын ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр, шударга болсон гэдгийг илэрхийллээ.

 

 

Санал болгох мэдээ

Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам баталлаа

Засгийн газрын хуралдаанаар гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын …