O.Z: “Яг түүн шиг” шоуг би амжилтаа ахиулах боломж гэж харж байгаа

“Яг түүн шиг” шоуны тав дахь дугаарын ялагч “Тоонот” рекордсын артист, дуучин О.Z буюу Э.Золбоотой ярилцлаа.

Тав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ дугаарт 60, 70-аад оны ретро жанрын уран бүтээлчдээс баззер дарсан онцлогтой дугаар байлаа. Миний баззер бол Африк Симон. Бүжигнээс эхлээд нүүр царайны хувирал, хурц хурц хөдөлгөөн хийж, үзэгчдийг, тайзыг бүрэн эзэмдэж чаддаг, үзүүлж харуулах онцлог ихтэй, ийм гайхалтай уран бүтээлч байлаа.

-Энэ удаагийн дугаарт түрүүлнэ гэж бодож байв уу?

-Их санаандгүй байдлаар түрүүллээ. Ямартай ч маш сайн бэлтгэсэн. Миний сонирхож сонсдог хөгжим, дуу, уран бүтээлээс их хол төрөл байсан. Тайзан дээр хөдөлгөөн ихтэй дүр байсан болохоор намайг өөрөөр харуулсан байх.

-Тэр хүнийг л нэг дуурайж үзэх юмсан гэж бодсон дүр байгаа юу?

-Байгаа. Гэвч ерөөсөө таарахгүй байна. Өөрсдөө хувирах хүнээ сонгож оролцдог нэг дугаар бий. Түүн дээрээ бодсон хүнээ сонгож дуурайна. Хэн гэдгийг нь одоохондоо нууцлая.

-Анх “Яг түүн шиг” шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Өмнө нь оролцох юмсан гэсэн бодол байсан уу?

-Оролцож үзэх юмсан гэж бодож байгаагүй ч идэвхтэй үзэгч байсан. Манай “Тоонот” студийн Эрка ах, Jason хоёр өмнө нь оролцож байсан. Үзэж байхдаа сонсох дуртай дуучныг маань дуурайхаар “Үүн дээр ингэсэн бол” гэх бодол төрдөг байсан. Харин надад анх санал тавихад нь өөрийгөө сорьж үзэх боломж гэж үзээд баяртайгаар хүлээж авсан.

-Өмнө нь үзэгч байлаа. Одоо оролцогч болоод явж байна. Төсөөлөл, бодит байдал хоёрт ялгаа хэр их байна вэ?

-Тэс өөр байдаг юм байна. Тайзан дээр хүнийг дуурайх гэдэг хүнд юм. Нэг мэдэхэд л өөрөөрөө алхсан явж байх жишээтэй. Өөрийгөө гаргаж ирэхгүй байх, байнгын контролтой байх хэрэгтэй юм байна. П.Эрдэнэзаан ах “Энэ бол сэтгэл зүйн шоу шүү. Сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй” гэж хэлж байсан нь ёстой үнэн. Түүнийг яг мэдэрч байна.

-“Яг түүн шиг” шоуны арын алба хэрхэн ажилладаг вэ?

-Арын албанд ажиллаж байгаа хүмүүс бол үнэхээр хайрлам. Найман оролцогчийн төлөө 300-гаад хүн ажиллаж байна. Тэд багаар хэрхэн яаж ажилладгийг харуулж байна. Нэвтрүүлгийн арын албаныхандаа маш их баярлаж байгаа гэдгээ энэ завшааныг ашиглаад хэлье. Энэ нэвтрүүлэгт оролцсоноороо их зүйл сурч байгаа. Том контент, шоу хэрхэн бүтдэгийг харж байна, бахархаж байна.

-Шоуны дараа өөрийгөө хэрхэн төсөөлж байна. Тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэж бодож байгаа юу?

-Би энэ шоуг амжилтаа ахиулах боломж, бусдад өөрийгөө таниулах боломж, би юу чаддаг вэ гэдгээ мэдрэх боломж гэж харж байгаа. Энэ шоу хүнийг их сорихын хэрээр нээж чаддаг шоу юм байна. Чадна гэж боддоггүй байсан зүйлээ бараг өөрийн мэдэлгүй чадаж байна, хийж байна. Би анх тааралдсан хүнтэйгээ шууд яриа үүсгэдэггүй. Ер нь л бүрэг, дуугүй хүн. Энэ нэвтрүүлэгт ороод нээлттэй болж байгаа. Өдөр бүр л зураг авалттай байна. Энэ нь намайг задалж илүү нээлттэй чөлөөтэй болгож байна. Бараг л гэрээс гараад шууд камерын өмнө амьдарч байна. Эхлээд би яах бол гээд санаа зовдог байсан. Сүүлдээ тоохоо больчихдог юм байна. Өмнө нь клип хийх, хааяа нэг яриа өгдөг байсан ч одоогийнх шиг камертай харьцаж байгаагүй. Гэрээсээ гараад орой бүр камертай тулаад ажиллахаар дасал болчихдог юм байна. Манай “Тоонот”-ын хамт олон “Чи энэ нэвтрүүлэгт ороод илүү нээлттэй болох байх” гэж байсан нь үнэн байна.

-“Тоонот” рекордсын хоёр уран бүтээлч өмнө нь энэ шоунд оролцож байсан. Тэр хоёр өөрт чинь ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Тэр хоёр “Хүнээ сайн судал. Сайн судалж чадвал биедээ суулгаж өөрийн болгоход амар. Дүрд нь хувирах уран бүтээлчийнхээ бүх бичлэгийг нүдэндээ харагдтал үз” гэсэн. Зөвлөгөөг их сайн дагаж байгаа.

-“Яг түүн шиг” шоутайгаа залгуулаад хувийн уран бүтээлээ олон нийтэд хүргэвэл зөв менежмент болох байх. Энэ талаар төлөвлөсөн хийж байгаа зүйл бий юү?

-Би жил бүрийн 1-3 дугаар сард бүх дуугаа бичүүлчихдэг. Тэгээд бэлтгэж байгаад тавдугаар сараас клипнүүдээ хийгээд дуугаа цацдаг. Энэ зарчмаараа нэвтрүүлгийнхээ хажуугаар хувийн уран бүтээлээ ч орхигдуулахгүйг хичээж, ажиллаж байна.

-Энэ зун хэдэн шинэ дуу цацах вэ?

-Бэлэн болсон гурван дуу байгаа. Бичүүлж амжаагүй хоёр дуу байна. Удахгүй хоёр дуугаа цацна. Энэ жил клиптэй дөрвөн дуу цацах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж:Eagle.mn

 

Санал болгох мэдээ

“LAND OF THE SKY” үндэсний урлагийн тоглолт болно

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нь 74 жилийн арвин их түүхтэй, үндэсний урлагийг түгээн …