Хоёр хоногийн өмнө МАН-ын Сонгуулийн төв штабаас Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбогдуулан МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татах, сонгуулийн сурталчилгааг нь зогсоох улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.
Уг шийдвэртэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох эргүүлэн татах асуудлаар албан ёсоор СЕХ-нд очиж, албан бичгээ өглөө.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Энэ сарын 15-16-нд шилжих шөнө золгүй явдлын улмаас иргэн Б амь насаа алдсан эмгэнэлт явдал гарсан.
Амь хохироогч Д.Отгонбаатар нь нэр дэвшигч Г.Сайханбаярын Сонгуулийн штабт ухуулагчаар ажиллахаар бүртгүүлсэн байсан учраас МАН нэр дэвшигчдээ ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд уг гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй, амь хохироогч нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож эхлээгүй байсан.
Гэвч МАН-ын зүгээс улс төрийн сонгууль, төрийн эрх барих дээд байгууллага Парламентыг бүрдүүлэх сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан.
Уг асуудалтай холбоотойгоор тодорхой улс төрийн намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшигчдийн зүгээс энэ золгүй явдлыг улс төрийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг болгон ашиглаж байгаад нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн байна.
Сонгуулийн кампанит ажил илүү хариуцлагатай, ёс зүйтэй явах цаг үе дээр бид ирээд байна. Тиймээс улс төрийн намууд, нэр дэвшигчид, улс төрчид уг асуудал дээр хариуцлагатай ёс зүйтэй хандахыг уриалж байна” гэлээ.