Д. Амарбаясгаланг Улсын Их Хурлын даргаар сонголоо

 Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр (2024.07.02) 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.

 Шинээр сонгогдсон 126 гишүүд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-т заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын гишүүн, хуралдаан даргалагч Д.Рэгдэл танилцуулсан юм.

Энэ дагуу Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын намыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгож байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй.

2000-2007 онд “Соёмбо Принтинг” компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 онд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа хэмээн Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжив.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгснөөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ын бүтэц Шинэ Зеланд, Англи, Канадын жишгээр 20-23 сайд байхаар яригдаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрыг Ардын намынхан хэрхэн байгуулах талаар олон нийт анхааралтай ажиглаж байна. Өнөөдөр …