Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн тангаргаа өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр “Иргэд шинээр сонгогдсон гишүүдэд маш их хүлээлттэй байгааг анзаарч байгаа. Тиймээс бид маш сайн хариуцлагатай ажиллаж, юу хийж чадахаа ард түмэндээ харуулах шаардлагатай. Миний хувьд залуу хүн учраас гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд улс төрийн хувьд маш их зориг шаардсан реформын ажлуудыг хийнэ.
Парламентын танхимд ороход, маш их хариуцлага хүлээж авснаа мэдэрсэн. УИХ-ын гишүүний дэгийн тухай хуулинд гишүүдийн тоо олширсонтой холбоотой дэг, журамд өөрчлөлт орсон байсан. Иймээс иргэд маань гишүүдийг шүүмжлэх вий гэж бодож байна. Дэгийн тухай хуулинд өөрчлөлт ороод өмнөх шигээ бүгд хүссэн үедээ ярих боломжгүй болсныг ойлгоосой гэж бодож байна ” гэлээ.