Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөлөө.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тангаргаа өргөснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр “Монгол улс уул уурхайн баялагтай орон тул энэ салбараас ихээхэн хамааралтай. Хамаг асуудал нь энэ салбарт бий.
Үндсэн хуульд газар доорх байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Үндэсний баялгийн сангаар дамжуулж дийлэнх ашгийг ард түмэнд хуваарилна. Энэ хуваарилалтыг хэрхэн зөв хийх, ДНБ-ээ хэрхэн тэлэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Мөн хүний хөгжил, боловсрол их чухал. Асуудлын шийдлийн 90 хувь нь боловсрол байдаг. Боловсролын үйлчилгээ хүртээмжтэй байх ёстой.
Хамтарсан Засгийн газрын тухайд манай улстай ойролцоо орнуудыг харах хэрэгтэй. Манайтай хамгийн адилхан бүтэцтэй нь Шинэ Зеланд юм. Тус улсад 1997 оныг хүртэл манайх шиг, хоёр нам өрсөлддөг байсан юм билээ. Сонгуулийн холимог тогтолцоотой болсноор дийлэнхдээ Хамтарсан Засгийн газартай ажиллажээ.
Хамтарсан Засгийн газрыг зөвхөн тохиролцоо гэж харж болохгүй. Илүү урт хугацааны бодлого хэрэгжүүлэх гэх мэт давуу талууд бий. Дараагийн сонгуулийг мөн холимог тогтолцоогоор явуулснаар хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлал өндөр.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэддээ маш их баярлаж талархсанаа илэрхийлье. 10-р тойрогтоо гэр хорооллыг орон сууцжуулах, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана” гэдгээ мэдэгдлээ.