Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.07.05) хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “Улсын Их Хурлын дэд даргыг тухайн Улсын Их Хурлын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, ил санал хураалтаар сонгоно” хэмээн заасан байдаг.
Хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл нар танилцууллаа.
Дараа нь санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 110 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг Улсын Их Хурлын дэд даргаар тус бүрд нь сонголоо.