Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандорж өнөөдөр (2024.07.09) үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хүлээлцүүлэхдээ, таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн энэ үед УИХ-ын Тамгын газрын үүрэг, хариуцлага улам нэмэгдэж буйг онцлоод, УИХ-ын гал тогоо болсон Тамгын газар хэрхэн ажиллахаас УИХ-ын нэр хүнд шалтгаалдаг хэмээн тодотгосон.
Тэрбээр, өнгөрсөн хугацаанд УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн олон шинэчлэлийг манлайлан ажилласныг тэмдэглээд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг нэр хүндтэй хашиж ирсэн доктор Д.Энхбатад талархал илэрхийлж, ажил хүлээлцэж буй хүмүүсийн цаашдын ажилд амжилт хүслээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Энхбат Улсын Их Хурлын тамгыг гардуулан өгөхдөө, Төрийн алба залгамж халаатай. Энэхүү нэр хүндтэй албыг хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан хүн хаших болсонд баяртай байна хэмээгээд ажлын амжилт хүсэв.
УИХ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, нэгэн үеийн оюутан, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын андаасаа энэхүү тамгыг гардан авч буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эхлүүлсэн ажил, шинэчлэлийг нь амжилттай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Б.Баасандорж нь 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002–2006 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байсан юм.