Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн 22 сайд, 16 яамтай байхаар баталсан.
Тус хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэршлийг өөрчлөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон юм.
Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг томилсон.
Шинээр томилогдсон сайд өнөөдөр тангаргаа өргөн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тамга тэмдгийг гардуулав.
Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал оролцож, “Туршлагатай хүн тус салбарт сайдаар томилогдсон тул Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.