Эрүүл мэндийн сайд асан С.Чинзориг УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Тогтмолын Мөнхсайханд тамгаа хүлээлгэн өглөө.
Энэ үйл ажиллагаанд Засгийн газрын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр болон ЭМЯ-ны удирдлагууд оролцов.
Тамга гардуулах үеэр С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарыг удирдсан нэг жил зургаан сарын хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг салбарын тулгуур хуулиудыг УИХ-аар батлуулж, Д вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй оруулж ирэх боломжийг бүрдүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажилласнаа дурдаад “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, хөдөөгийн багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулах олон талын арга хэмжээг авсан.
Үүний үр дүнд 2023 онд 200 эх баригч, сувилагч, 114 багийн бага эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулсан. Ингэснээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гадаад улс орнуудын туршлагаас суралцаж, чадавхижсанаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд нь тодорхой ахиц гарсан” гээд Т.Мөнхсайхан сайдыг эрүүл мэндийн салбарын хүн учраас өнөөдрийг хүртэлх хийсэн үйл хэрэг, ажлыг нь үргэлжлүүлж, салбарын хөгжил, шинэчлэлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, салбарын шинэчлэл болон иргэдэд тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.