Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.07.23/ Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 60 мянган ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг. Сар бүрийн 1-ний өдөр 500,0 мянган тэтгэвэр авагчдад тэтгэвэр, жилдээ 300.0 мянган даатгуулагчид тэтгэмж олгож байна.
Энэ оноос Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Манай улс дэлхийн нийтийн жишигт нийцсэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, даатгуулагч өөрийн бодит хуримтлалаасаа орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдэж эхэлсэн.
Оны эхний 5 сарын байдлаар 700 орчим мянган даатгуулагч 100.7 тэрбум төгрөгийн бодит хуримтлалтай болжээ. Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл, цахим үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах болно” гэлээ.