Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.
Ажлын хэсгийн гишүүд 8 дугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ажлын хэсгийн тэргүүн Н.Учрал Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар танилцуулж, ХБНГУ дахь үе үеийн Эвслийн Засгийн газарт тулгарч байсан хүндрэл бэрхшээл, эвслийн Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эвслийн гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай зохицуулалт болон гэрээний хэрэгжилтийг хангах, Эвсэлд нэгдсэн улс төрийн намын харилцан зөвшилцлийг хэрхэн хангадаг талаар германы туршлагаас сонирхлоо.
Бундестагийн гишүүн М.Мюллэр Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний анхдагч төслийн талаарх мэдээлэлтэй урьдчилан танилцсан тухайгаа мэдэгдээд Хамтарсан Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангахад улс төрийн намууд хоорондын зөвшилцөл чухал болохыг онцлон үүнийг хангах механизмыг эвслийн гэрээнд тусгах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий тодорхой асуудлаар эвсэлд нэгдсэн улс төрийн намууд урьдчилан зөвшилцөлд хүрч, улмаар энэ талаар эвслийн гэрээнд тодорхой тусгах нь ач холбогдолтой гэдгийг зөвлөв.
Тэрээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газарт амжилт хүссэн юм.