Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

 Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

  1. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх түүхэн ойн уриа нь хоёр улсын гадаад харилцааны зорилтуудыг тодорхойлсон. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, улс төрийн харилцан ойлголцол, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх санаачилгын хүрээнд хамтрах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй хамтран тэмцэх, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтын ажиллагааг тэлэхээр тохиров. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол, спорт, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам баяжуулахаар боллоо.

  1. “АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫН АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри нар гарын үсэг зурлаа.

Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг Санамж бичгээр тодорхойлсон. Энэ хүрээнд  “Парламентын институцийг бэхжүүлэх нь”, “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” зэрэг төсөл хэрэгжүүлж байна.

 

Санал болгох мэдээ

Хамтарсан ЗГ-ын гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзлаа

Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний …