Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.02) бараалхлаа.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус айлчлал болж байгаагаараа онцлог юм.
Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог улам бэхжүүлэхэд амжилт хүсэв.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс нь манай хоёр орны харилцааг улам ойртуулж, бүх талын хамтын ажиллагаа бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.