Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхана.

Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уг түншлэлийн Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход айлчлалын зорилго оршиж байна.

Япон Улсын Ерөнхий сайдын түвшинд 2016 оноос хойш 8 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улстай “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Монгол Улс, Япон Улс нь 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна.

 

Санал болгох мэдээ

Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: -Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл -Монгол Улсын …