ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 10-ний өдөр “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллаж, эхний хагас жилийн ажлын үр дүнтэй танилцлаа. Мөн энэ долоо хоногт зохион байгуулах нэгдлийн компаниудын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцлоо.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус нэгдлийн хэмжээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, тэдгээрийн явц, үр дүнг мэдээлж, тус нэгдлийн бодлого, үйл ажиллагаанд шаардлагатай реформын саналуудаа танилцуулав.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Засгийн газар хамтарсан гэрээ, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг урагшлуулах, төрийн албыг цахимжуулах замаар бүтээмж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг зорьж байна.
Төрийн өмчийн компаниуд нэгдсэн нэг стратеги, бодлого, төлөвлөлттэй болж чадвал нэг зүгт харж нэг зорилготойгоор үйлдвэрлэл технологийн паркаас эхлээд улс эх оронд шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг саад бэрхшээлгүй хийж гүйцэтгэх боломжтой. Иймд эхний ээлжинд төрийн өмчит компаниудын худалдан авалтыг хүний оролцоогүй технологид суурилсан байдлаар явуулж авлига, ашиг сонирхлоос ангид байлгах, хүний нөөцийн бодлогыг цомхон чадварлаг, бүтээмжтэй байдлаар шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгтгэл дээр төрийн бүх шатны байгууллагыг ERP системд нэгтгэх ажил явагдаж байгаатай холбогдуулан ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Дээрх ажлуудын үр дүнд Төрийн үйл ажиллагаа цахим, ил тод нээлттэй, өндөр бүтээмжтэй үйл ажиллагаа явуулахаас гадна зардал буурч, бүтээмж ихэснэ. Бизнес эрхлэгчдэд таатай орчин нөхцөл бүрдэх юм” гэлээ.