Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлгийг сайжруулна

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ГБХНХ-ын  яамны Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдөр манай улс хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн үйлчилгээний болон орчны хүртээмжийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороонд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулжээ.

Харин Архангай аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй, удааширч байгаад анхаарч ажиллахыг сайд санууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслөөр барилга байгууламжаас гадна орчин үеийн тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламжийн багаж хэрэгслээр хангасан гэдгийг төслийн багийнхан онцлов. Орон нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдэд хэл засал, хөдөлгөөн засал зэрэг нарийн мэргэшсэн эмч дутмаг байдаг тухай төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлийг эхийн хэвлийд байх үеэс мэдэж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах бодлого хэрэгжүүлж, тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь тохирсон үйлчилгээг нэвтрүүлж, зөв, оновчтой зохицуулалт хийвэл асар их боломж байна гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцоллоо.

 

Санал болгох мэдээ

С.Одонтуяа: Байгаль орчны эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр /2024.08.13/ …