Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, Тавантолгойн нүүрсний ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудтай хамтад нь шийдвэрлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээг эрчимжүүлж, үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгасан байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон нүүрс худалдах, худалдан авах, олборлох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2014 онд эхэлж байсан. Хятадын тал үүргээ биелүүлж төмөр замаа барьсан хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, үл ойлголцлоос болж удаан хугацаанд завсардсан. Үүнээс болж Хятадын тал их хохирол амссан гэх асуудлыг байнга тавьдаг. Уг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр нүүрсний экспортыг 30 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой. Мөн Шивээхүрэн-Сэхээ, Хангийн холболтыг хийх ажил энэ бүтээн байгуулалтаас шалтгаалж байгаа.
Тиймээс өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгосон” гэлээ.