Ч.Лодойсамбуу: Тендерийн хуулийг буцаан татах саналыг дэмжиж байгаа МАН-ын гишүүдэд талархаж байна

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Тендерийн хуулийг буцаан татах санал гаргасан. Энэ саналыг дэмжиж байгаа МАН-ын зарчим нэг гишүүддээ талархаж байна. Би төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Монгол Улсыг хөгжүүлэхгүй байя гэсэн нэг ч гишүүн энд байхгүй. Гэхдээ Монгол Улсын Их хурлын гишүүн гэдэг Монгол Улсыг хөгжүүлэхийн дээр бас байгаагаас нь дордуулахгүй байх үүрэгтэй. Бид хурдан, яаралтай хөгжье гэдэг нэрийн доор гол зарчмуудаа нурааж, өндөр эрсдэл рүү улс орныг дагуулах алхмуудыг хийж болохгүй гэдэг байр суурийн үүднээс энэ хуулийг буцаан татах санал гаргасан.

“Их хурлын гишүүд асуудлаа ойлгохгүй байна. Сайн мэдэхгүй байна” гэж Их хурлын дарга сая хариуцлагагүй мэдэгдэл хэллээ. Мэдэж байгаа болохоор асуудлуудыг тавиад, хуулийг буцаая гэдэг санал өгөөд, санал хураалтдаа оролцож байгаа. Харин мэдүүлэхгүй байх сонирхол танай намын бүлэг дотор байгаа юм байна гэдгийг бид ил тод харж байна.

Их хурлын Тамгын газрын үйл ажиллагаа хангалтгүй байна. Гишүүдийг мэдээллээр хангахгүй байна. Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагын зохион байгуулалт, тоног төхөөрөмж нь ийм байхаар яах юм бэ. Үүнийг Их хурлын дарга анхаарч ажилламаар байна. Горимын санал нэртэй дэмжигдээгүй саналуудаа босгож ирдэг. Дэмжигдсэн саналуудыг унагаадаг. Ийм зарчимгүй үйлдлүүдээ болих хэрэгтэй. Бид анх удаа сонгогдож байгаа ч гэсэн анх удаа Их хурлын үйл ажиллагааг харж байгаа юм биш.

Олон сонгогдсон гишүүд зарчимтай, зангаргатай байж шинээр сонгогдсон гишүүддээ үүнийг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй анхнаасаа аргалах, зальдах гэсэн зүйлийг шинээр сонгогдсон гишүүддээ үлгэр дуурайлал үзүүлж болохгүй.

Их хурал зарчмаа зарласан, зорилгоо тодорхойлсон. “Парламентын ардчиллыг бэхжүүлье. Парламентыг чадавхжуулъя. Хүний эрх, эрх чөлөөг хангах суурь зарчмуудыг сайжруулъя, бэхжүүлье” гээд зорилго тавьсан. Гэтэл дөнгөж эхлээд ийм зарчимгүй үйлдлүүд явуулаад байж болох юм уу. Их хурлын дарга аа та жаахан зарчимтай, чигч баймаар байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Бүлэглэлийн араанд зуугдсан “Бүдүүн” төсвийн ирээдүй хэрхэх бол…

Гурван нам нэгдсэн учраас хамтарсан Засгийн газрын төсөв бүтцээ дагаад бүдүүрэв. Дээр нь МАН үргэлжлүүлэн …