УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /2024.08.30/ “Aqua garden” хотхоны газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Газрын наймаа, хууль бус үйлдлүүдийн тод жишээ болсон ард түмний дунд авлига хороолол гэж нэрлэгдсэн “Aqua garden” хороололд Ерөнхий сайд, хотын дарга, УИХ-ын гишүүд очоод ч дийлэхгүй байна. Аливаа юм хэмжээтэй. Монгол Улсад эзэн, хууль, шүүх байгаа бол энэ даварсан үйлдлийг зогсоож хариуцлага тооцох ёстой. Энэ асуудлаар УИХ-ын дарга нээлттэй сонсгол хийж, ажлын хэсэг гаргах, хяналтын сонсгол хийж болно гэдэг мэдээллийг өглөө.
Өнөөдөр миний бие энэ газрын талаар ярихаас гадна юу хийсэн бэ гэхээр, тухайн газартай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл баримт нотолгоог цуглуулсан. Өнгөрсөн онд Ерөнхий сайдад асуулга өгч хариуг нь тавдугаар сард авсан баримт бичиг ч мөн адил байна. Өнөөдрөөс эхлэн хуулийн байгууллагын хүрээнд олон нийтэд түгээх боломжтой мэдээллийг задалж эхэлнэ. Үүн дээр олон нийтийн дэмжлэгийг хүсэж байна.
Энэ газартай холбоотой асуудал 2007 оны долоодугаар сарын 4-нд Нийслэлийн ИТХ-ын хурлаас 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Эм Энд Жи” констракшн ХХК-д төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын холболт хийх, үерийн далан барих газар ашиглуулах зөвшөөрлийг анх олгосон байдаг юм.
-2008 оны есдүгээр сарын 17-нд Нийслэлийн засаг дарга Т.Билигт дунд голын салаа урсгалд урсдаг 11.8 га газрыг “Эм энд Жи констракшн” ХХК-д 5 жилийн хугацаатай орон сууцны чиглэлээр ашиглуулах гэрчилгээг олгосон. Нэг зүйлийг анхаараарай. Дунд голын салаа шүү. Энд хуулиараа орон сууцны газар олгох хориотой. Анхнаасаа хууль зөрчиж олгосон байгаа юм.
-Үүний дараа 2011 оны гуравдугаар сарын 15-нд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нь тухайн барилгын компанийн ашиглах эрхийг эзэмших эрх болгож өгсөн.
-2013 оны аравдугаар сард нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дээд шүүхийн шийдвэрийн дагуу газрын гэрчилгээг “Эм энд Жи констракшн” ХХК-д ногоон байгууламж байгуулах зорилгоор өөрчилсөн.
-2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчлөн 11.8 га газрыг гурав хувааж, тус бүр шинээр газрын гэрчилгээ олгосон. Газрын зориулалтыг худалдаа нийтийн үйлчилгээ, төв цогцолбор болгон өөрчилсөн.
-2020 оны есдүгээр сарын 30-нд Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эм энд Жи констракшн” ХХК-ийн газрын гэрчилгээг хүчингүй болгон газрын зориулалтыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох захирамж гаргасан.
-2022 онд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн, худалдаа нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалттайгаар эзэмших, ашиглах гэрчилгээг дахин олгосон.