ШИНЭ нам, АРДЧИЛСАН нам орон нутгийн сонгуульд хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ.
Талууд хамтран сонгуульд оролцох санамж бичиг байгуулах энэхүү үйл ажиллагаанд Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга нар бусад төлөөллүүдийн хамт оролцлоо.
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Ганибал: Шинэ намын үзэл баримтлал, манай намын үнэт зүйлтэй нийцдэг учир бид хамтарч байна. Ирэх 4 жилийн ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 хувьд АН-ын мөрийн хөтөлбөр тусгагдсан тул бүх шатанд сонгогчдын итгэлийг бодит ажил болгох орон нутгийн хөтөлбөрийг бид хийж байна.
Шинэ намын дарга Ц.Гантулга: Шинэ нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-ын тугийн дор хамтарч оролцохоор боллоо. АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран сонгуульд орох санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай нам найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчээ АН-ын нэр дээр нэр дэвшүүлж байна.Энэ удаагийн орон нутгийн сонгуульд амжилттай оролцоно гэж итгэлтэй байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт: “Хэдийгээр би УИХ-ын сонгуульд оролцож ялагдал хүлээсэн ч энэ нь нийслэлд ялагдана гэсэн үг огт биш. Эсрэгээрээ нийслэлд ялалт байгуулах гэж багаа удирдаж сонгуульд оролцож байна”гэлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгч сонгох сонгууль 10-р сарын 11-ний өдөр болох юм. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ний өдөр эхэлнэ.