Шадар сайд С.Амарсайхан олон улсын төлбөр тооцооны асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улс ОХУ, БНХАУ хоёр хөрштэйгээ хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээртэй. Ямар ч тохиолдолд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хоёр хөрштэйгээ хоёулантай нь харилцаагаа хөгжүүлэх нь чухал. Нөгөө талаараа гуравдагч хөршүүдтэйгээ ч найрсаг харилцаагаа өргөжүүлэх, нээлттэй олон тулгуурт бодлогыг баримталж явдаг. Тиймээс ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдрийн байдлаар ОХУ, манай улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч манай талд алдагдалтай гардаг. Бид жилдээ сая гаруй тонн бензин шатахуун авдаг. Тиймээс экспортоо нэмэгдүүлэх, импортоо ч зохистой байлгах, гадаад худалдааны тэнцвэртэй байдлаа хангах нь манай үндэсний эрх ашгийн асуудал.
Банк санхүүтэй холбоотой асуудалд хөрш орнуудтайгаа, ялангуяа мөнхийн хоёр хөрштэйгээ хийж байгаа яриа хэлэлцээр, гадаад дотоод бодлогыг гуйвуулсан, хагаралдуулах гэсэн асуудлууд явж байна. Үүнд төлбөр тооцооны асуудал яригдаж байна.
Хэдийгээр бид бензин шатахуун, экспорт, импортын төлбөр тооцооны асуудлыг аль болох хэвийн хийж байгаа ч удаашралтай байгаа. Учир нь ОХУ-ын зарим банк, санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотой. БНХАУ-ын банкаар дамжуулж хийж байгаа ч энэ нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тиймээс бид шинэ гарц гаргах, ямар нэгэн хориг саадад ороогүй банк санхүүгийн байгууллагыг хооронд нь харьцуулах асуудал ярьж байна.
Орос Монголын Засгийн газрын ажлыг хэсгийг ахалж байгаа хүний хувьд хоёр улсын хооронд хийгдэж байгаа төлбөр тооцооны хүндрэл бэрхшээлийг хялбарчлах зорилгоор ажиллаж байна.
Хэрвээ бид төлбөр тооцоогоо хийж чадахгүй болбол шатахуунаа авах асуудал хүртэл хойшлох эрсдэл үүснэ”гэлээ.