Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамуратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, илүү хурдан, эрчимтэй хөгжлийг бий болгох гэдгийг Ерөнхий сайд онцлоод бүсчилсэн хөгжлийн шинэ төлөвлөлтийг хийж, хөгжлийн 14 мега төсөл, нийгэм, эдийн засгийн 14 реформыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэллээ.
Мөн Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оноос хойш жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж, 2023 онд 6,000 ам.доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний салбарыг шинэчлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгааг онцлов. Эдгээр ажлыг хийхэд тус сангийн зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.
Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамура Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэнийг сайшаалаа. Монгол Улсын Засгийн газраас тавьж буй макро эдийн засгийн зорилт, арга хэмжээ, реформыг хэрэгжүүлэхэд ОУВС дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлов.
Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүч, бүсчилсэн татварын реформыг эдийн засгийн эрсдэл, сөрөг нөлөө багатай, үр дүнтэй хийх талаар зөвлөмж өгч хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайдын дэргэд “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо ажиллаж буй. Тус хороонд Олон улсын валютын сан болоод Монгол Улстай хамтарч ажилладаг олон улсын байгууллага, донор байгууллагуудыг орж ажиллахыг Ерөнхий сайд урилаа.