Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 15-ний өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте-тэй албан уулзалт хийлээ.
Талууд бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцов.
Тухайлбал, эхний ээлжид Онцгой байдлын 100 албан хаагчийн англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалтад хамруулах юм.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Филиппин Улстай хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийн бодлогыг судлах эрмэлзэлтэй байгаагаа Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан уламжиллаа.
Мөн уулзалтаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте энэ өвөл Монгол Улсад албан ёсоор айлчлахаа илэрхийллээ.