А.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай

Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраагаас тодрууллаа.

-УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сүүлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Дотоод орчны бохирдол ба эрүүл ахуй, аюулгүй байдал”, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Дотоод орчны агаарын чанар”, Барилгын хөгжлийн төвийн “Замын-Үүд боомтын барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори” сэдэвт мэдээлэл, зөвлөмжийг сонсож, санал солилцлоо.

-Ажлын хэсгийн сонссон мэдээллүүдийн хүрээнд олон нийтэд дотоод орчны бохирдлын талаар ямар мэдээлэл өгөх вэ?

-Дотоод орчны агаарын чанарт анхаарах шаардлагын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, мэдлэг олгох, бохирдлын талаар сэрэмжлүүлэх, сэргийлэх зөв арга замыг таниулах нь чухал гэж бодож байсан, ажлын хэсгийн түвшинд сонссон мэдээллүүдийн дараа ч мөн адил. Ажлын хэсгийн хуралдаанаар бид сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдлын талаар түлхүү ярилцсан. Нэн тэргүүнд бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш нар энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байж, хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй байна.

-Хүн дотоод орчинд олон цагийг өнгөрүүлдэг, улмаар дотоод орчны агаарын чанар нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдгийг хүмүүс тэр бүр анхаардаггүй. Дотоод орчны агаарын чанарыг хянахад хил, гаалийн байгууллагаас эхлээд хувь хүний хариуцлага, сонголт хүртэл өргөн хүрээнд ажиллаж бололцоотой. Тэгвэл УИХ-ын түвшинд ямар хэлбэрээр шийдвэр гаргах боломжтой вэ?

-Ажлын хэсэг асуудлыг судалж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа, дүгнэлт хараахан гараагүй байна. Өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны хүрээнд харахад нэн тэргүүнд одоо мөрдөгдөж буй хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна. Эдгээрийг мөрдөөгүйгээс, нөгөө талаас хувь хүн дотоод орчны агаарын чанарын нөлөөллийн талаар мэдээлэл, ойлголтгүйгээс болоод “улаан дохио” асах хэмжээний асуудал болсон. Жишээлбэл, цэцэрлэг, сургуулийн хуучин барилгууд агааржуулалтын системгүй, анхнаасаа суурилуулаагүй байдаг. Суурилуулсан байлаа гэхэд тэрийгээ хэрхэн зохистой ашиглах талаараа мэддэггүй, зарим нь бүр битүүлчихсэн байна. Цэцэрлэг, сургуулийн барилгууд дулаан алдагдал ихтэй учир хүүхдүүдийг дааруулахгүйн тулд цонх онгойлгохгүй, агаар сэлгэдэггүй зэрэг олон жишээ дурдаж болно.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр, сүүлийн үеийн судалгаануудад үндэслэн яригдсан өөр нэг ноцтой зүйл гэвэл 0-5 насны хүүхдүүдийн цуснаас хүнд металл, тэр дундаа хар тугалга илэрч байна. Зарим суурин газар энэ үзүүлэлт өндөр байгаа нь тухайн орчинд нь эх үүсвэр их байна гэсэн үг. Хар тугалганы хор аюулын талаар бүгд мэднэ, маш их ноцтой. Хүнд металлын хордлого нь тархи, уушги, бөөр гэх зэрэг цуллаг эрхтэнд нөлөөлдөг. Урт хугацаандаа хүний эрүүл мэнд, насжилтад нөлөөлнө, суурь өвчлөл үүсгэнэ, амь насанд аюултай.

Манай нөхцөлд гадаад орчны бохирдлын асуудалтай зэрэгцүүлээд дотоод орчны бохирдлын талаар ярихад амаргүй. Гэхдээ ихэнх цагаа дотор өнгөрүүлдэг хүмүүс эрүүл мэндээ бодоод ажиллаж, суралцаж, амьдарч байгаа дотоод орчныхоо агаарын чанарт анхаарах шаардлагатай юм. Бид дотоод орчны агаарын чанарт анхаарч, хянах, тохируулга хийх боломжтой байдаг тул нийтээрээ мэдээлэлтэй, мэдлэгтэй болох нь маш чухал байна. Эхлээд төрийн байгууллагууд энэ чиглэлээр нийтэд мэдээлэл түгээх, мэдлэг олгоход анхаарч ажиллах, улмаар хүн бүр, хэвлэл мэдээллийн байгууллага бүр нийгмийн асуудал гэдгийг нь ойлгож, нийтийн сайн сайхны төлөө анхаарал хандуулж, хамтарч ажиллахад эхний үр дүн гарах боломжтой.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн худалдан авалтыг ногоон болгох саналыг олон талаас гаргаж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийг хурдасгах,  эрүүл орчинд ажиллаж, амьдарч, суралцах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Ногоон худалдан авалт” нь үнэтэй юм шиг санагдана. Евро стандартын хүрээнд гэхэд л Европын бүх орон хар тугалгатай будаг хэрэглэхээ болиод удаж байна. Бас формальдегид хэрэглээнээсээ халсан жишээг дурдаж болно. Эхлээд хүүхдийн гутлыг формальдегидийн найрлагатай бодисоор боловсруулсан арьсаар доторлохыг хориглосон. Дараа нь бүх төрлийн арьс ширний боловсруулалтдаа формальдегид найрлагатай бодис хэрэглэхгүй байх стандарттай болж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан. Энэ мэт шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр аяндаа тэр бодисыг хэрэглэхээ больсон байдаг.

Улсын Их Хурлаас дотоод орчны агаарын чанарын асуудлаар тухайлсан эрх зүйн зохицуулалт хийх боломжгүй ч Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай хуулиуд болон салбар бүрийн хуульд холбогдох зохицуулалтыг тусгахад анхаарч ажиллах боломж бий. Мөн Байнгын хорооны болон Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч, үүрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах бололцоотой. Өдгөө мөрдөгдөж буй стандарт, дүрмүүдийг сайн хэрэгжүүл гээд орхиж болохгүй, өнөөгийн хэрэгцээ, нөхцөлд тааруулан шинэчилж, өөрчлөн цаг үетэйгээ нийцүүлэх шаардлагатай бий.

-Дотоод орчны агаарын чанарын асуудалд УИХ анхаарал хандуулсаар ирсэн. Тодруулбал, 2022 онд Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах хяналтын сонсголыг хийж байсан?

-Ажлын хэсгийн төлөвлөгөөндөө тэр сонсголын үр нөлөөний талаар судалж, танилцахаар тусгасан. Ахиц гарч байгаад баяртай байгаа. Тухайлбал ажлын хэсэгт мэдээлэл танилцуулж байгаа байгууллагуудын зүгээс тухайн үетэй харьцуулахад өнөөдөр олон нийт дотоод орчны агаарын чанарт анхаардаг болсон гэдэг мэдээллийг өгч байна. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээнд ямар будаг хэрэглэсэн талаар эцэг, эхчүүд, асран хамгаалагчид асуудаг, анхаардаг болсон гэж байсан.

-Ажлын хэсгийн үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

-Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Бейсен, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Ө.Шижир нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Одоогоор ажлын хэсгийн үйл ажиллагаа төрийн байгууллагууд руу чиглэсэн мэдээлэл сонсох, нэгтгэх зэрэг судалгааны шатандаа явж байна. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд дотоод орчны агаарын чанарт анхаарал хандуулах, мэдээ мэдээлэл солилцох ажлыг төлөвлөсөн байгаа. Мөн бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, олон улсын байгууллагуудын зөвлөгөөн хийх зэрэг ажил төлөвлөсөн. Бид холбогдох санал, дүгнэлтээ гарган, цаашид авах арга хэмжээний санал, шаардлагатай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Тэр хэлсэн үгэндээ хүрсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан ҮХНӨ-ийн төсөл 2023 оны 5-р сарын 31 ний өдөр УИХ-ын чуулганаар …