БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяньтай анх удаа нүүр тулан уулзаж, биечлэн танилцсан байдаг юм. Үүний дараа Киргизид болон Пакистанд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр болон хамгийн сүүлд Шанхайд хэлэлцээр хийх бүртээ ганцаарчилсануулзалт хийж байв. Ингээд “face to face” уулзалт бүрийн үеэр нэг л учир битүүлэг хэлэлцээр болон гуравдагч зуучлагчийн тухай яригдаад байж.
Дээрх уулзалт болгоны дараа “Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замыг барихаар Хятадын талтай, “Чайна энержи” компанитай тохиролцчихлоо” гэсэн агуулгатай мэдээ гардаг байсан. Ийм мэдээ гарах бүрт төсвийг хэрүүлийн алим болгон шидэж хувьсгал хийх шахдаг байлаа. Тэгэхээр “Чайна энержи”-тэй битгий учраа ололцоосой, тэрхүү хил дамнасан төмөр зам битгий баригдаасай гэсэн ямар нэг ашиг сонирхол байгаа нь ил болсон.
Юу байсан юм бол?
Үүний учир зангилааг тайлахад Хятадын Ерөнхий сайдаас Монголын Ерөнхий сайдад хүргүүлсэн мөртлөө Монголын талд ЗГХЭГ-т ч, ГХЯ-нд ч байдаггүй зарим нэг санамж бичиг, гэрээ хэлэлцээрийн баримтууд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэнд чухам юу байсныг Хятадын Ерөнхий сайд Ли Чянаас хүлээн авсан, тэдгээртэй танилцсан Л.Оюун-Эрдэнэ л мэдэх байх. Харин удтал хадгалсан, тэр ч байтугай 12 шахам жил Монголын эрх бүхий байгууллагуудаас нууцалж хав дарсан хэрнээ нууцын дардасгүй зарим нэг зүйлийг энд дэлгэхэд буруудахгүй болов уу.
Арван жил “хав дарсан” гэрээ Хятадын талаас олдов
Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо, “Шеньхуа групп корпораци” болон Монгол “Гашуунсухайт төмөр зам” ХХК, Хятадын Хөгжлийн банк корпораци хооронд байгуулсан “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр зам төслийн санхүүжилтийн хэлэлцээр” гэгч байлаа.
Уг хэлэлцээр юунд үндэслэж гарсан бэ гэхээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ /хожим нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан/ болон нөгөө талаас гэрээнд “Консорциум” гэж томъёолсон, Хятадын төрийн өмчит “Шеньхуа групп корпораци”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Жан Шиү, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Тавантолгой” ХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр нарын байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурласан байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ бол энгийн нэгэн санамж бичиг биш маш “том” хүмүүсийн байгуулсан өргөн утга агуулгатай санамж бичиг. Санамж бичгийн хоёрдугаарт “Боомтын төмөр зам 1435 мм-ийн стандарт цариг бүхий хил дамнасан төмөр зам байна” гэсэн байгаа юм. Яг 2019 онд В.Путин, Х.Баттулга нарын байгуулсан “найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд 1520 мм-ийн царигтай байна гэж заасан шиг хөдөлшгүйгээр цариг заасан байгаа биз?
Мөн “Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам баригдаж дууссаны дараа, боомтын төмөр замтай холбогдмогц боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам” компанид шилжинэ гэжээ. Хөрөнгө оруулалтын зардлын төсвийг консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална. Барьсан төмөр замыг “Монголын төмөр зам” компани харилцан тохиролцсон шударга үнээр худалдаж авна гэж байгаа юм. Төлбөрийг бэлэн мөнгөөр буюу эсхүл барьсан төмөр замыг нь өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийж болно. Сонирхолтой нь “Хятадын хөгжлийн банк нь бүх талууд зээл авахыг харилцан зөвшөөрч, Хятадын хөгжлийн банкнызээлийн хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр арилжааны зарчимд суурилсан нийт 150 сая ам.доллароос хэтрэхгүй дүнтэй зээлийг олгоход бэлэн гэсэн байна. Жи-Эс-Ар нь энэхүү 1435 мм царигтай ачааны төмөр замын төслийг хөгжүүлнэ. Шеньхуа нь хамаарал бүхий компаниараа дамжуулах хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд төслийг аль болох хурдан хэрэгжүүлж дуусгах үүднээс “Жи-Эс-Эр”-тай идэвх санаачилгатай хамтран ажиллана гэж хэлэлцээрт заагаад талууд гарын үсгээ зурцгаасан байгаа биз?
“Жи-Эс-Ар” буюу Хөхөөгийн Ганболд гэж хэн бэ?
Үүнийг харсан хэн ч “Жи-Эс-Ар” гэж хэн юм бэ гэдгийг сонирхоно. Яагаад гэвэл улс төр, бизнес аль ч талаасаа “үл таних” энэ компани хэнийх вэ, хэн энэ том гэрээнд оруулж ирэв гэдгийг гэрээнд зурсан хэдэн хүнээс бусад нь огт мэдэхгүй. Энэ талаар сонирхоод үзэхээр мэдээж хуулийн этгээдийн бүртгэл талаас ч, улс төрийн хувьд ч дээрх гэрээг хийхээс өмнөх цаг үед идэвхтэй байжээ. Нээлттэй мэдээллийн сангийн хайлтаар “Иргэдийн сонголт төв” ТББ-ын тэргүүн болж сонгуулийн ерөнхий хороог шүүмжилсэн ярилцлага өгч, “Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба” гэх улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, мөн хэд хэдэн аж ахуйн нэгжид хамааралтай байсан нь татан буугдсан гэх мэт үр дүнг үзүүлж байна. Улстөрчдөөс түүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүх, С.Баярцогт нарын хэдхэн хүн л мэдэх бөгөөд 150 сая ам.доллар хүртэлх зээл авах эрхийг хүлээж гарын үсэг зурах, тэдний ойр дотны хүн л хэрэг болсон бололтой. Тэгээд ч газар дэлхий дээр “Жи Эс Ар” гэдэг компани одоо байдаг эсэхийг бүү мэд.
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр нь:
Ганцмод-Гашуунсухайт төмөр замыг барих ажлыг Х.Баттулга гацаасан уу, Ц.Элбэгдоржийнхон гацаасан уу гэдэг эргэлзээтэй болоод явчихлаа
Хэрэв энэ гэрээ хэлэлцээр хэрэгжээд төмөр зам баригдсан бол “Шеньхуа”-д төдийгүй энэхүү санамж бичгийг байгуулсан болон үүнд үндэслэсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан талуудад маш ашигтай. Ерөөсөө төмөр замтай болчихлоо л гэсэн үг. Гэтэл одоо яагаад энэ төмөр зам баригдаагүй юм бэ гэхээр өнөөх “алдарт гацаалт”. Х.Баттулга нарын гацаалт буюу Шеньхуагийнохин компани “Чайна энержигийнхэн”-ий хэлдгээр алдагдсан боломж. Энэхүү алдагдсан боломжийн арав гаруй жилд энэ хэлэлцээрийг хав дарсан нь Хятадын талаас олдож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, танайх ингэж гэрээ хийгээд таг алга болчихсон шүү дээ. Тиймээс “Жи Эс Ар” шиг аль нэг дундын зуучлагч компанийг гэрээнд оролцуулахгүй. Шууд Засгийн газар нь Засгийн газартай, сайд нь сайдтай гэрээ хийнэ шүү гэдгийг л өнөөдөр Хятадын тал бүр Ерөнхий сайд нь хүртэл анхааруулаад дээрх гашуун сургамжийн баримтыг ирүүлсэн байгаа юм.
Тэгэхээр Ганцмод-Гашуунсухайт төмөр замыг барих ажлыг Х.Баттулга гацаасан уу, Ц.Элбэгдоржийнхон гацаасан уу гэдэг эргэлзээтэй болоод явчихлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ганболдын Хөхөөгөөр дамжуулахаар оруулж ирсэн гэдэг юм билээ. Тиймээс ч энэ гэрээг илэрчих вий, Хятадын талаас ч юм уу олчих вий гэсэндээ Н.Алтанхуяг Л.Оюун-Эрдэнэ рүү дайраад байж. Хамгийн том эрх ашиг нь уг төмөр замыг барихгүй байх явдал. Энэ төмөр зам баригдчихвал“гурван үсэгтэй” компанийн нүүрсний тонн тутмаас олдог ашиг, тээвэрлэлтийн ашигт сөргөөр нөлөөлөх байсан. Тиймээс төмөр замыг бариагүй, гэрээ хэлэлцээрийг ч хэн ч, хэзээ ч олж мэдэхгүйгээр хав дарчихаж. Яалаа гэж хожмын өдөр, арван жилийн дараа БНХАУ Ли Чянь, Монгол Улс Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдтай болоод тэд хоорондоо уулзаад хав дарсан гэрээг нь гаргаад ирнэ, үзээд уншаад мэдчихнэ гэж бодох вэ дээ. Ийм л юм болж.
“Goverment to Goverment” гэрээ хийхэд бэлэн үү?
Юун Эрдэнэтийн 49 хувь, юун Дубайн гэрээ вэ? Ийм л зүйл хөшигний ард болж байсан учраас Хятадын Ерөнхий сайд Ли Чян, “Чайна энержи групп”-ийн Монголын талтай яриа хэлэлцээ хийж буй ажлын хэсгийн ахлагч Кан Фэнвэй нарын хэлээд байгаачлан “алдагдсан боломжийн өртөг” яригдсаар ирсэн. Харин одоо тэд юу ярьж байна вэ?
Юуны өмнө “Goverment to Goverment” гэрээ байх ёстой, алдагдсан боломжийнхоо өртгийг тооцохгүйгээр мартъя, тогтвортой үнээр 20-30 жил нүүрс авъя гэж байна. Үүний тулд легитим чанараа хадгалах үүднээс заавал УИХ-аар тогтоол батлуулахыг хүссэн. Мөн уул уурхайн биржийн үнээр худалдах, худалдан авах ньгадаад зах зээл дээрх ханшийн өөрчлөлтөөс үүдэн савлах магадлал өндөр учраас “Чалко” шиг үнээр авахыг хүсэж буй. Энэ тохиолдолд гэрээндээ жилд 20-25 сая тонн нүүрс худалдан авч байх үүрэг хүлээхэд ч бэлэн байгаа бөгөөд Монголын Засгийн газраас нүүрсний үнээ, гэрээ хэрэгжих жилээ тогтоосон гэрээний төслөө УИХ-аар батлуулах процессын ажлууд хийгдэх ёстой. Яг ийм тохироонд хүрсэн тухай Шанхайд болсон уулзалтын дараа албан мэдээ зарлагдмагц төсвийг бужигнуулсан “популизм” эхэлсэн.
Төсвийн тухай хуульд болохгүй, буруу зүйл олон байсан ч “Ганцмод-Гашуунсухайт”-тай холбоотой “чагтыг тайлж, гацааг нээсэн” мэдээ гарах бүрт нэр бүхий шинэ гишүүд бачуурч популист мэдэгдлүүд хийж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “нүдийг ухах шахаж” байсны цаад учир ийм байж. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин гишүүн МҮХАҮТ-ийн асуудлыг дэвэргээд байв гэдгийн цаана тэрбээр 2014 оны MCS-ийнхний гарын үсэг бүхий энэ санамж бичгийг байгуулсан Ажлын хэсгийг тус компанид ажиллаж байхдаа ахалж байсан ул мөр илэрсэн. Цаашид энэ мэт зарим баримт бичиг, тэдгээрийн үр дагавартай холбоотой цуврал мэдээллийг нийтлэлээрээ үргэлжлүүлэн хүргэх болно.
Нийтлэлч Оргилмаа
Эх сурвалж:Baabar.mn